Камила Валиеваг Олимпын тэмцээнээс хасаагүй

               
2022-02-10 0

ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн Бээжингийн олимпын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхийг хасаагүй байна. Энэ тухай ТАСС агентлагт ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдээлжээ.

“Камилагийн наадамд оролцох эрхийг нь хасаагүй. Бид Олон улсын олимпын хорооноос албан ёсны мэдэгдэл хийхийг хүлээж байна. Багийн тэмцээний медаль гардуулах ёслолыг зохион байгуулах өдрийг ч мөн ОУОХ товлох ёстой” гэж Ермолина хэлсэн байна.

Олимпын наадмын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, хоёр, гуравдугаар байранд АНУ, Японы баг орсон билээ. Медаль гардуулах ёслол мягмар гарагт болох ёстой байсан боловч Олон улсын олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос яаралтай тодруулах шаардлагатай хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас цуцалснаа мэдэгдсэн юм.

Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсны шалтгаан нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээний асуудалтай холбоотой байж магадгүй гэж “Inside the Games” цахим хуудас лхагва гарагт мэдээлжээ. “The Guardian” сонинд мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх уран гулгагчаас илэрсэн бодис нь гүйцэтгэлийг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэггүй гэнэ.

Хууль эрх зүйн асуудал нь 15 настай уран гулгагчийн настай холбоотой болохыг “Inside the Games” цахим хуудас тодотгосон байна. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Валиева 16 нас хүрээгүй тул сэргээшийн зөрчил гаргасан тохиолдолд албан ёсоор буруутгах боломжгүй юм. Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхэлнэ.

Холбоотой мэдээ