Товчхон
               

Далайн яст мэлхийн ялгадаснаас амны хаалт олджээ

               
2022-02-10 0

Японы зүүн хойд эргээс барьсан далайн яст мэлхийн ялгадаснаас нэг удаагийн амны хаалт олдсон нь “COVID-19” халдвараас хамгаалах хэрэгслүүдийн хог хаягдал далайн экосистемийг бохирдуулж байгааг харуулжээ.

Далайн яст мэлхийнүүд нь хуванцар хаягдлыг санамсаргүйгээр залгисан тохиолдол гардаг ч цар тахал дэгдэхээс өмнөх 15 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар амны хаалт олдсон тохиолдол огт гарч байгаагүй гэж Токиогийн Хөдөө аж ахуйн их сургууль, Токиогийн их сургуулийн судлаачдын баг мэдээлсэн байна.

Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяарх далайн эргийн бүс нутгуудад нэг удаагийн амны хаалт далайгаас олдсон талаарх мэдээлэл гарах нь ихэссэн юм.

Судлаачид энэ сарын эхээр танилцуулсан Далай тэнгисийн хог хаягдлын тойм мэдээндээ зах зээлд худалдаалагдаж буй амны хаалтууд нь чанарыг нь муудахаас сэргийлэх зорилго бүхий тогтворжуулагч агуулж байгааг тогтоосон талаараа мэдээлсэн байна. Ийм нэмэлтүүд нь дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг алдагдуулж, организмын дааврын системд саад учруулдаг гэж үздэг.

Далайн яст мэлхийг 2021 оны наймдугаар сард Иватэ мужийн ойролцоогоос амьдаар нь барьсан бөгөөд одоо ажиглалтад байгаа юм байна. Нэхмэл бус полипропилен амны хаалт болох нь тогтоогдсон эд зүйлийг Токиогийн Хөдөө аж ахуй, технологийн их сургуулийн судлаач Такүя Фүкүока яст мэлхийн ялгадаснаас илрүүлжээ.

Энэхүү судалгаанд оролцсон тус их сургуулийн профессор Хидэшигэ Такадагийн хэлснээр, далайн амьтад хуванцар хог хаягдлыг санамсаргүйгээр залгих замаар химийн бодисуудад өртөж байгааг энэ явдал батлан харуулсан байна.

Холбоотой мэдээ