Халдварын тохиолдол энэ долоо хоногийн мэдээллээр 16 хувь болж буурчээ

               
2022-02-11 0

Он гарсаар дөрөв болон тавдугаар долоо хоногийг харьцуулахад коронавируст халдварын шинэ тохиолдлын тоо, эерэг илрэх хувь, халдварлуулах индекс буурсан үзүүлэлттэй байгааг ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Ц.Билэгтсайхан тодотгов.

Тэрбээр, “Дөрөвдүгээр долоо хоногт 50 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол тавдугаар долоо хоногт энэ тоо 22 мянга болж, 50-иас дээш хувиар буурсан. Мөн PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь омикрон давалгааны оргил үед 29-30 хувьд хүрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 20 хувь болж буурсан. Түүнчлэн энэ долоо хоногийн өдрийн мэдээллээр 16 хувь болж буурч байгаа.

Нэг хүнээс цааш халдвар хэдэн хүнд дамжуулах вэ гэдгийг хэмждэг R утга ч тогтвортой багасаж байна. Үүнээс халдварын эх үүсвэр, дамжих замыг илэрхийлдэг хэмжүүрүүд тогтвортой буурсаар байгааг харж болно. Гэхдээ Цагаан сарын дараа буюу сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо бага зэрэг өссөн.

Орны ачааллын хувьд омикрон давалгааны оргил үеийнхээс 50 хувь буурч, улсын хэмжээнд 6000 орчим ор дэлгэсэн. Ингэхдээ Улаанбаатар хотод 2500 ор, орон нутагт 3200 ор дэлгээд буй. Энэ нь халдварын тархалт Улаанбаатараас орон нутаг руу шилжсэнийг илэрхийлж байна.

Коронавирусний альфа болон дельта хувилбараас омикроны нас баралт, хүндрэлийн үзүүлэлт харьцангуй бага байгаа. Тэр дундаа эмнэл зүйн нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай хүний тоо улсын дунджаар нэг хувиас, хүчил төрөгчийн аппарат шаардлагатай хүнд хүний тоо 10 хувиас хэтрэхгүй байгаа юм. ХӨСҮТ-д байгаа хүнд оноштой өвчтөний тоо улсын дунджаас 3-6 дахин их байгаа. ХӨСҮТ-д хүнд оноштой хүмүүс ковидын тусламж үйлчилгээг авч байна” гэв.

Мөн тэрбээр омикрон давалгааны онцлог бол хүүхэд, ахмад настанд дельтай хувилбартай харьцуулахад тохиолдлын тоо 1.5-2 дахин өндөр байна. Вакцингүй бүлэгт хүүхдийн өвчлөлийн 73 хувийг эзэлж байна. 70-аас дээш насныханд тохиолдлын тоо маш өндөр байгааг онцолсон юм.

Холбоотой мэдээ