Товчхон
               

ЭМЯ: 9-13 насны охид Папиллома вирусний эсрэг вакцин хийлгэнэ

               
2022-02-11 0

Папиллома вирусний эсрэг вакциныг 9-13 насны охидод ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ. ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд тун тус бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. 

I тун хийлгэснээс хойш 2 сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа III тунг хийлгэх юм байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма тус вакцины талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр “Умайн хүзүүний хавдар үүсгэдэг хүний папиллома вирусний эсрэг вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хүн амыг вакцинжуулж байна. Умайн хүзүүний хавдрын эсрэг хэд хэдэн вакцин байдгийн нэг нь хүний папиллома вирусний эсрэг вакцин юм. Элгийг гэмтээдэг гепатит В вирусний эсрэг вакциныг ихэнх орнууд хийж байгаа. Эдгээр хавдруудыг үүсгэдэг вирусүүдээс хамгаалж байгаа гол арга нь вакцин юм. Ялангуяа хүний папиллома вирусний эсрэг вакцинд улс орнууд хоёр цэнтэй вакцин хэрэглэж байсан. Одоо бол дөрөвөн цэнтэй вакцин хийж байна. Улмаар есөн цэнтэй вакцин дэлхий дахинд бүтээгээд хэрэглэж байна. Вирусийг дотор нь хэв шинжээр нь ангилаад 16, 12, 11 хэв шинж гэх мэтээр дугаарласан. Дугаарласан энэ вирусүүдийн хэв шинжийн эсрэг хэдэн хэв шинжийг агуулж байгаагаар хоёр цэнтэй, дөрвөн цэнтэй гэх мэтчилэнгээр ангилдаг. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ вакцин нэвтрүүлэх, улмаар зарим халдварт өвчнүүд, вирусээр үүсгэгдэж байгаа хавдрууд эдийн засаг болоод хувь хүндээ ямар их хохиролтой байна вэ гэдгийг үнэлж, вакцин эдийн засгийн ямар ач холбогдолтой байх талаар олон талын судалгаа хийсний үндсэнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороогоор хэлэлцүүлсэн. Ингээд 2020 оноос эхлээд сайн дурын дархлаажуулалтад ашиглах, вакцинжуулах, улмаар дархлаажуулалтын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх асуудлыг улсын хэмжээнд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Холбоотой мэдээ