МҮХАҮТ-аас Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа

               
2022-02-11 0

МҮХАҮТ-аас Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудалтай холбогдуулан бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд тус банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй 25 зээлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн.

Тус банкнаас олгосон зээлүүд, ялангуяа чанаргүй ангилалд шилжсэн, анхаарал татсан зээлүүдийн хувьд томоохон улс төрчид, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдож, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн, тэдгээр зээлтэй холбоотой шүүхийн үйл явц удаан байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарч үнэн зөвийг тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй МҮХАҮТ санал нэгдэж байна.

Харин Хөгжлийн банкны зорилго чиглэлийн дагуу зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар ашиглан төслөө амжилттай хэрэгжүүлж яваа ААН, бизнес эрхлэгчдийг энэхүү байдалд хутган, олны анхаарлыг өөр чигт залан чиглүүлэх, тэдгээрийн нэр хүндэд халдаж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг илтэд үгүйсгэсэн сөрөг мэдээллийг нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нь маш харамсалтай байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг ул суурьтай судлан дүгнэх, олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх, шүүх хяналтын байгууллагууд нь шударгаар ажиллаж зээл тойрсон нөхцөл байдлын үнэн мөнийг тогтоон шийдвэрлэх, цаашид энэхүү сургамжаас суралцан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эрүүл, ил тод, хөндлөнгийн хяналттай тогтолцоог бий болгоход анхаарах нь нэн чухал байна гэжээ.

Холбоотой мэдээ