
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Америкийн талын хүсэлтээр хоёрдугаар сарын 12-ны бямба гарагт утсаар ярихаар болжээ. Энэ тухай Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков баасан гарагт мэдээлсэн байна.
“Америкийн тал Ерөнхийлөгч Путинтэй ярилцах хүсэлт тавьсан, хоёр удирдагч Москвагийн цагаар маргааш орой ярихаар төлөвлөж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Ж.Байден, В.Путин нар утсаар ярьж магадгүй тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан баасан гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр утсаар ярьсан юм. Үүнээс өмнө 12 дугаар сарын 7-нд цахим хэлбэрээр хэлэлцээ хийсэн. В.Путин, Ж.Байден нарын хоёр улсын удирдагчийн хувиар хийсэн анхны нүүр тулсан уулзалт 2021 оны зургаадугаар сард Женевт болсон билээ.

0 cэтгэгдэлтэй