Товчхон
               

“Жоби” төвийн дэргэдэх байруудыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжинэ

               
2022-02-12 0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд  ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг. Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид  буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна.

Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.  Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцов.  Уулзалтад Нийслэлийн Орон сууцны корпораци, Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм.  

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм.Энэ байрны оршин суугч иргэдтэй уулзсан уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Нийслэлийн Засаг даргын орлогч болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд иргэдийн санал бодлыг сонслоо.  

1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ