Товчхон
               

Б.Төрмөнх: Хүүхдэдээ “Өөрөө уншаарай” гээд авч өгсөн ном хэрэггүй цаас л болно гэсэн үг

               
2022-01-10 0

Хүүхдийг ном унших дадалд сургах энгийн аргыг манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Бид хүүхдэдээ цаг зав гаргаж чаддаггүй ард түмэн. Хүүхдийг үнсэж эрхлүүлж, хэлээ хазаж хэд гуравхан үг сольсноо хайрлаж байна гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй. Өдөр бүр ярилцах цаг гаргаж сурах хэрэгтэй. Томчууд бид ямар ч завгүй байсан хүүхдэдээ цаг гаргах үүрэгтэй шүү дээ. Өдөр бүр бас амралтын өдрөөр тусгайлан хамт цагийг өнгөрүүлж сураарай. Хамгийн чухал нь тэр цаг хугацаагаа үр дүнтэй ашиглах чухал. Ядаж л оройдоо 5-10-хан минут зарцуулаад л үлгэр уншаад өгөөрэй. Ингэснээр л цагийг ач холбогдолтой, үр дүнтэй өнгөрүүлсэн болно. Үлгэрээ анхааралтай, чин сэтгэлээсээ уншиж, хүүхэдтэйгээ агуулгынх нь талаар ярилцаарай.

Бид одоо ч гэсэн бүр багадаа аав ээжийн, өвөө эмээгийнхээ уншиж өгсөн үлгэрийн санадаг шүү дээ. Бүр хоногшиж үлдсэн байдаг. Тэд маань чин сэтгэлээсээ нэг ч гэсэн зүйл сонсоосой, сураасай гэж уншиж өгсөнд учир байгаа юм. Тиймээс ийм сайхан дурсамж үлдсэн хэрэг. Иймээс эцэг эхчүүдэд хүүхдэдээ орой болгон цаг зориулж ном уншиж өгөн, мартагдашгүй дурсамж үлдээхийг зөвлөнө.

Үүнээс өөр ном унших дуртай болгох сайн арга бий юу?

-Эцэг эхчүүд маань бэлэн таван алхам мэдэж аваад хүүхдээ номонд дуртай хүн болгох юм шиг боддог нь учир дутагдалтай. Үнэндээ ном унших дадалтай болгох супер жор гэж хаана ч байхгүй.

Хүүхэд хүмүүжлийн асуудал, ном унших дадалтай болгоно гэдэг урт хугацаанд үргэлжлэх ажил юм. Бүр хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх цагаас ч эхэлж унших дадалд эхэлдэг талаар ярьж байна. Яг л хөгжим сонсгодогтой ижил зүйл.

Зарим улс оронд дөнгөж 6 сартай байхаас нь эхлээд л хулдаасан зөөлөн ном бариулж гарт нь хэвшүүлдэг. Номоос асар их мэдлэгийг сурна гэдгийг ухамсарласан учраас ингэж чухалчилж бүр балчраас нь дадал болгож байна. Тэгэхээр эхлээд эцэг эхчүүд өөрсдөө ухамсарлаж байж л дараа дараачийн үйлдлээ хийх хэрэгтэй.

-Ном сонгохдоо анхаарах хамгийн чухал зүйл юу вэ?

-Хүүхдүүд номын зургийг харж л агуулгыг ойлгоно. Төсөөлөлдөө буулгаж байж тунгаана шүү дээ. Энэ насанд нь хамтдаа уншиж, юу гэж харсан, ойлгосон эсэхийг нь ярилцах нь маш үр дүнтэй. Түүнээс биш зүгээр л “Би чамд ном авсан шүү. Уншаарай” гээд хаях нь хэрэггүй цаас авч өгснөөс ямар ч ялгаагүй.

Хүүхдийн ном гэхээр л 18-аас доош насны бүх хүүхэд уншина гэсэн үг биш. Дотроо олон төрөл бий.

Насаар нь ангилж харвал:

1 хүртэлх нас- Ой хүрээгүй хүүхдэд хулдаасан материалтай зөөлөн ном өгдөг. Хэмжээний хувьд томгүй байна. Ийм номыг уншиж эргүүлэх нь хүүхдийг номтой танилцуулаад зогсохгүй гар хөлийнх нь жижиг булчинг нь хөгжүүлэх ач холбогдолтой..

3-аас дээш нас- Энэ насныхан сонирхолтой энгийн түүх, үлгэр сонсох дуртай. Энэ насандаа танин мэдэхүйн анхны мэдэгдэхүүнтэй болж, төсөөлөл, хийсвэр сэтгэлгээ нь хөгждөг. Тиймээс хүүхдэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних гэх мэтчилэн агуулгатай ном сонгон уншиж өгөх хэрэгтэй.

6 болон түүнээс дээш нас– Энэ насныхан ном олон төрөлд хуваагддаг. Харин үүнээс дээш насныханд шинжлэх ухаан, уран зохиол гээд танин мэдэхүйн номууд сонирхлыг нь татна.

Хүүхдэдээ яг ямар ном хэрэгтэй байна, уншвал тохирох вэ гэдгийг эцэг эх нь сайтар анзаарч байх нь чухал. Сургуулийн насны хүүхэдтэй бол багшаас нь тусгайлан асуух нь тустай байх болно.

-Манай эцэг эхчүүдийн ном сонгохдоо хийдэг хамгийн түгээмэл алдааг нэрлэхгүй юу?

-Монгол ээж аавууд энэ тал дээр туршлага тааруу харагддаг. Хүүхдийн ном гэвэл шууд л үлгэрийн ном бариад авдаг. Гэтэл хүүхдэд танин мэдэхүйн, шинжлэх ухааны, түүхийн гээд сонирхож болох олон сэдэв бий. Тэр бүрийг нь анзаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Peak.mn

Холбоотой мэдээ