Загасыг үржлийн үед нь баривал бүрмөсөн устах аюултай

               
2022-02-14 0

Загасыг үржлийн үед нь барьж, загас барих хугацааг мөрдөөгүйн улмаас агнуурын загасны нөөц хомсдож, бүрмөсөн устах аюултай. Нэг загаснаас олон мянган түрс гарах ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлээ үхэж хорогдсоор багахан хувь нь мэнд үлддэг. Иймд үржлийн үед агнаснаар тухайн жилийн төл авч чадахгүйд хүрнэ.

Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл, Дархадын цагаан загасыг 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 20 хүртэл, Омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30 хүртэл, цагаан зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30 хүртэл агнахыг хориглодог.

Загас нь гадаад үр тогтолттой. Эм загасны түрс бэлгийн сүвээр гоожиж усны ургамал, хайрга чулуунд наалдана. Түүн дээр эр загас сүнгээ шахдаг. Үр тогтсон түрс бойжиж, хальсан дээр бүдэг толбо бий болон улмаар хөврөлийн хальсаа цоолж авгалдай гардаг байна.

Хөгжлийн энэ хугацаа нь загасны төрөл зүйлээс хамаарч өөр байдаг. Тухайлбал, хилэм загас 30-45, тул 28-30, цагаан загас 200-250, хадран 14-30, цурхай 10-20, улаан нүдэн 12-13, сугас 5-6, булуу цагаан, хэлтэг, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, алгана зэрэг загас 3-6 хоног шар уургаар хооллоно. Шинээр гарсан авгалдай нэг эстэн, бактери, замаг, хүрд хорхойг барьж иддэг. Үржлийн үед ялангуяа эр загас гоёмсог өнгөтэй болж, толгой, биен дээр мөнгөлөг товгор үүсэж, сэлүүрүүдийн толбо тодордог аж.

Холбоотой мэдээ