TODAY: Хэвлэлийн тойм /2 сарын 15/

               
2022-02-15 1

Өдөр тутмын сонинуудын дугаарт гарсан мэдээллүүдээс тоймлон хүргэж байна.

Гол нийтлэл:

“П.Баярхүү: Боомтуудад Хятадын өндөр технологийг оруулж ирье. Төр дийлэхгүй бол компаниуд нэгдэх боломжтой” гэсэн гарчигтай ярилцлагаыг “Өдрийн сонин”-д гол материалаар нийтэлжээ. Үүний товч агуулга нь өчигдөр “Тэг Ковид” хэмээх зөвлөлдөх уулзалт болсон бөгөөд энэ нь хилийн боомтуудыг халдваргүй болгож, үйл ажиллагааг жигдрүүлэх санаачилгыг тээвэрчдийн холбооноос гаргаж буй арга хэмжээ юм. Ярилцлагын гол агуулга нь БНХАУ-ын болон манай улсын хилийн боомтын хөгжлийн зөрүү асар их бөгөөд үүнийг арилгахад төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн ажиллая гэжээ.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт өнөөдөр 4 ярилцлага голлон дүүргэжээ. Түүний удаах нь Соёлын сайд Ч.Номингийн “Зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая гэж байгаа юм” гэсэн ярилцлага хэвлэгдсэн байна.

“Л.Оюун-Эрдэнэ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шар түвшинд шилжүүллээ” гэсэн гарчигтай нийтлэлийг “Өнөөдөр” сонинд гол материалаар нийтэлжээ. Үүний товч агуулга нь өчигдөр ээлжит бусаар хуралдсан Засгийн газрын шийдвэр бөгөөд цар тахлын тархалт буурч, вакцинжуулалтын бүрэн тунд иргэдийн 92% хамрагдсан учир олон улсад хилээ нээж буйг зарласан явдал байв. Ерөнхий сайд “Монгол Улс өнгөрсөн хугацаанд 7 удаагийн хатуу хөл хорионд 79 хоногийг өнгөрөөв. 200 мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарлаа. Иймд улбар шар түвшинг бууруулж шар түвшинд шилжүүлэв” гэсэн байна.

Харин “Өнөөдөр” сонины дагуул онцлох материал нь “Шинэ зууны монголчууд “араг түшиж” амаржсан хэвээрээ байна” гарчигтай асуудал хөндсөн өгүүлэл нийтлэгдсэн нь сонирхол татна. Тухайлбал, сүүлийн 5 жилийн хугацаанд 1280 эх гэртээ төрсөн байна. Энэ асуудлаас болж эхчүүд төрөх үедээ эндэх тохиолдол ч өндөр байдгийг судалгаагаар харуулж. Мөн гэртээ амаржсан хоёр ч ээжээс нөхцөл байдал ямар байсныг тодруулсан нь уг өгүүллийг улам чамбай болгожээ.

“Л.Оюун-Эрдэнэ: Монгол олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг “Үндэсний шуудан” сонинд гол материалаар нийтэлжээ. Үүний товч агуулга нь мөн л Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудал юм.

Харин дэд онцлох нь өдрийн сурвалжилга бөгөөд “Гэрчилгээ бэлэн хуучин орон сууцанд л ипотекийн зээл гарах боломж нь илүү” гэсэн гарчигтай хэвлэгдсэн байна. Орон сууцны зээл, ипотект хамрагдах боломжтой эсвэл банкны хөрөнгө оруулалттай барьсан байрууд л түлхүү зарагдаж байгааг энэ сурвалжилгад дурдсан байна.

“Нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээвэр явуулъя” гэсэн гарчигтай асуудал дэвшүүлсэн өгүүлээр “Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаараа онцолжээ. Өгүүллийн дэд гарчигт “Хотын даргад хурд, шийдэл дутаж байгаа”-г шүүмжлээд иргэд тэсрэхэд бэлэн болсон гэж сэрэмжлүүлжээ.

Ярилцлага:

Өдрийн сонинд гарсан ярилцлагууд:

  1. “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг “Тариаландчид хавар тариалалтад гарах үндэсгүй болсон” гэх ярилцлагадаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг шүүмжилсэн бол,
  2. Улсын ерөнхий прокурорын газрын ОНХ албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Хөгжлийн банктай холбоотой хэрэг нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй болгосон 50 орчим материалыг хянаж дууслаа” гэх ярилцлагадаа 2011 оноос хойш буюу Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших материалуудыг шалгаж дуусч байгаа бөгөөд удахгүй сэргээн шалгуулах шаардлагатай эсэх шийдвэрийг гаргаж ажиллах тухай дурдсан байна,
  3. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболд “Дүрмээ мэдэхгүйгээс болж зам тээврийн осол гарган, зохиомол түгжрэл үүсгэж байна” гэх ярилцлага,
  4. Дарва Бандида Гэгээнтний долдугаар дүрийн хувилгаан Данзанчойжийлодой “Сэтгэлээ засаад гэгээлэг амьдарвал сайхан амьдрал тийм ч холын мөрөөдөл биш” гэсэн ярилцлага,
  5. “Allstate” компанийн программ хангамжийн ахлах инженер Ш.Баатар “Өмнөд Монголчуудын хэл харьшаад ирж буй харамсалтай юм даа” гэсэн ярилцлага,
  6. Олон улсын Валютын сангийн ажилтан Х.Ариунбуянт “Хуучин цагт таньдаг хүндээ л найддаг байсан бол одоо өөрийгөө үнэлүүлээд ажилд орох боломж илүү болсон” гэх ярилцлага тус тус нийтлэгдсэнийг сониноос уншаарай.

“Өнөөдөр” сонинд гарсан ярилцлагууд:

  1. Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаад Хөвсгөл аймагт гэр бүлээрээ шилжин, хөдөө орон нутагт хавдрын эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлсэн залуу эмч Б.Түвшин “Хавдрын мэс заслыг олон аймагт хийдэг болгох нь миний зорилго” гэсэн ярилцлага,
  2. Сар шинийн баярын өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулсан Б.Сарантуяа “Ном уншдаггүй хүний тархи тавилгагүй өрөөтэй адил” хэмээх хувь хүний ярилцлага нийтлэгдсэнийг сониноос уншаарай.

“Зууны мэдээ” сонинд гарсан ярилцлагууд:

  1. Герман улсын Бавари мужийн нийслэл Грэйфезфинг хотын ИТХ-ын төлөөлөгч Г.Очмаа “Германд хатуу хэрэгждэг хоёр зүйл бол цаг барих, хуулиа мөрдөх” гэсэн ярилцлага гарсан байна.

Today онцлох өгүүлэл:

“Өдрийн сонин”-д “Налайхчууд хүн биш юм уу Л.Оюун-Эрдэнэ ээ, Д.Сумъяабазар аа!” гэх гарчигтай өгүүлэл гарсан байна. Үүнд, утаагүй түлшний зүүн бүсийн үйлдвэр байгуулсан газар нь баруун бүсийн үйлдвэртэйгээ мөн л адил орчиндоо асар их тортог буулгаж, агаар орчныг бохирдуулж буй асуудлыг хөнджээ. Уг нийтлэлийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Наж могой” үндэсний холбооноос бичиж, нийтлүүлсэн байна.

“Үндэсний шуудан”-д “Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн ч төрийн албан хаагч болж чадахгүй” гэх гарчигтай өгүүллийг мөн онцолж байна. Шалгалтад тэнцсэн олон иргэн байгаа ч дараагийн шалгуур болох ажилласан жил, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эсэх гэх мэт шалгуураар 10 мянга орчим иргэн нөөцөд үлддэг аж. Жишээ нь, нөөцөд байгаа 8200 иргэнээс ердөө 600 нь төрийн албанд орсон гэх тоо бий гэнэ. Гэтэл сул орон тоо зарлаж буй ажлын байр үүнээс олон байгааг сэтгүүлч онцолжээ.

“Зууны мэдээ” сонины арын нүүрт “Өчигдөр-Өнөөдөр” буланд Яармагийн гүүрний одоогийн төрхийг 1920 оны зурагтай харьцуулан нийтэлжээ.

Холбоотой мэдээ