
Энэ жил ерөнхий боловсролын 12 дугаар ангийг нийт 33 мянга гаруй суралцагч төгсөх юм.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой ЭЕШ-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан БШУЯ, Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Боловсролын Үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
“2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг 2 удаа зохион байгуулна. Хоёр дахь шалгалтыг 12 дугаар сард зохион байгуулна. Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард элсэлт зохион байгуулж, хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол нэмэлтээр 12 дугаар сард ЭЕШ авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орно. ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэдэг заалт бий. Зургаадугаар сард өргөн хүрээнд хамрагддаг байсан суралцагч нар ЭЕШ-д хамрагдана. Харин 12 дугаар сард зохион байгуулах ЭЕШ-д дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулсан ЭЕШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой. Арванхоёрдугаар сард зохион байгуулах ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухай үед нь мэдээлнэ” гэв.
Мөн тэрбээр, олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болж байна. Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад оруулсан гэдгийг мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй