
Авлигатай тэмцэх газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдэм” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Мижиддорж хэмээх эмэгтэйд холбогдох ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийг хянан шалгаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Л.Мижиддорж нь 2020-2021 онд уг албан тушаалд ажиллаж байхдаа холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, дутагдуулсан зэргээр нийт 21.5 сая төгрөгийн хохирол учруулсан нь холбогдох байгууллага, аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хуулийн дагуу иргэн Л.Мижиддоржийн гаргасан дээрх зөрчилд хариуцлага тооцох, улмаар уг зөрчил, дутагдлыг хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулах үүрэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаярт оногдож. Гэвч ийнхүү шалгуулах, хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авалгүй, Л.Мижидоржийг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Улмаар ажлаас халагдсан иргэн Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/130 дугаар захирамжаар тус дүүргийн 278 цэцэрлэгийн эрхлэгчээр томилогджээ.
Дээрх шийдвэр нь зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна түүнд давуу байдлыг үүсгэсэн гэж үзээд “Авлигын эсрэг хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлж хариуцлага тооцуулах арга хэмжээг нэн даруй аваагүй” үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаярт хариуцлага тооцуулахаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлээд байгаа аж.
Байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан цэцэрлэгийн эрхлэгч Л.Мижиддоржид холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

0 cэтгэгдэлтэй