Товчхон
               

С.Жамбалжамцын баг “Tour of Antalya”-д түрүүлжээ

               
2022-02-15 0

Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилалд багтдаг, дөрөв дэх удаагийн Антальягийн дугуйн олон өдрийн уралдаанд /“Tour of Antalya”/ Малайзын “Terangganu Polygon Cycling Team” нийлбэр дүнгээр түрүүллээ. Энэ багт манай ОУХМ Сайнбаярын Жамбалжамц уралддаг юм. Манай тамирчин энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 11 дүгээр байрт орсон бол багийн анд Анатолий Будиак 9, Еоуб Меткель 10 дугаар байрт орж, нийлбэр дүнгээр 43 цаг, 10 минут, 20 секундын амжилтаар түрүүлжээ.

Азийн баг Евро турын тэмцээнд Европын мэргэжлийн багуудтай өрсөлдөж түрүүлсэн нь шуугиан тарьсан талаар хэвлэлүүдэд мэдээлж байна. Антальягийн тэмцээнд уулын зам ихтэй байсан бөгөөд Малайзын багт уулчин буюу уулын гараанд сайн уралддаг Анатолий Будиак, Еоуб Меткель, С.Жамбалжамц нар байж, сайн уралдсан нь энэ амжилтыг гаргахад нөлөөлсөн байна.

Евро турын тэмцээнд тамирчин сайн уралдахад авсан оноо нь тухайн тамирчнаас гадна Үндэсний холбоонд нь нэмэгддэг. Манай тамирчин энэ тэмцээний дундын гараануудаас ОУДХ-ны чансааны 10 оноо цуглуулж, хувийн чансаа нь 306-д хүрэн Ази тивдээ эхний гуравт бичигдэж байна. Харин Монголын дугуйн холбооны чансаа 519 бол, Азидаа гуравдугаар, дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгдэж явна.

ОУДХ-ны дүрэмд зааснаар, дэлхийн чансааны 23-32-т эрэмбэлэгдсэн улс олимпын наадамд хоёр, 33-50 дугаарт эрэмбэлэгдсэн улс нэг тамирчнаа оролцуулах эрхтэй байдаг. Тэгэхээр манай улс одоогийн байдлаар олимпын нэг эрхийг хадгалж байгаа гэсэн үг . Цаашид тэмцээн уралдаанд амжилт гаргавал байр урагшилж, эрхийн тоо нэмэгдэх боломжтой.

Холбоотой мэдээ