
Эмийн аюулгүй байдлын 5 агшин гэдэг нь үйлчлүүлэгч эсвэл түүний асран хамгаалагчийн тусламжтайгаар эмийн хэрэглээтэй холбоотой үүсэх хор хөнөөлийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн түлхүүр зарчмууд юм. Агшин тус бүр 5 чухал асуултаас бүрдэнэ. Зарим асуултад үйлчлүүлэгч бие даан хариулах боломжтой ба зарим асуултыг ойлгож, зөв хариулахын тулд эрүүл мнэдийн ажилтны тусламж авах шаардлагатай.
Үйлчлүүлэгчийн оролцоог хангасан энэхүү зааварчилгааг ДЭМБ-ын “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын уриалга: Хор хөнөөлгүй эмийн эмчилгээ” сэдэвт гуравдугаар зорилтын нэг хэсэг болгон боловсруулсан.
Зааварчилгаа нь үйлчлүүлэгчийг тусламж, үйлчилгээнд илүү идэвхтэйгээр татан оролцуулах, эмийн талаарх мэдээлэлд тэдний анхаарлыг хандуулах, эмийн эмчилгээний чиглэлээр эрүүл мэндийн ажилтнуудтай нээлттэй харилцах боломжоор хангахад чиглэсэн болно.
Зааварчилгааг бүхий л төрлийн болон түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч, болон тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт зориулан боловсруулсан ба хэрэгжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүдийн дэмжлэг шаардлагатай.
Үйлчлүүлэгч болон тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт
Эмийг хэрэглэхдээ эдгээр 5 АГШИН-д анхаарлаа хандуулаарай.
- Эмч, сувилагч, эм зүйч, шүдний эмчид үзүүлэх,
- Анхан шатлалын эрүүл мэндийн байгууллага, эмийн сангаар үйлчлүүлэх,
- Эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарах,
- Өөр эрүүл мэндийн байгууллагаар үйчлүүлэх,
- Нэг эрүүл мэндийн байгууллагаас нөгөөд шилжин үйлчлүүлэх,
- Гэрээр эмчилгээ, үйлчилгээ авах бүрт Та дараах асуултуудыг асууж, эмнэлгийн мэргэжилтний тусламжтайгаар хариулаарай.
Эмнэлгийн мэргэжилтнүүдэд
Эмийн аюулгүй байдлын 5 АГШИН-ы талаар үйлчлүүлэгч болон тэдний гэр бүл, асран хамгаалагч нарт танилцуулан, асуултад нь хариулахад дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгчийн оролцоог дэмжээрэй.
Эмийн эмчилгээ эхлэх үед
- Энэ эмийн нэр нь юу вэ, ямар үйлчилгээтэй вэ?
- Эмтэй холбоотой үүсч болох эрсдэл, гаж нөлөө байгаа юу?
- Миний өвчин, эмгэгийг эмчлэх өөр арга байгаа юу?
- Харшил болон бусад өвчин, эмгэгийнхээ талаар эмчдээ хэлсэн билүү?
- Энэ эмийг яаж хадгалах вэ?
Эм уух үед
- Энэ эмийг хэдийд, нэг удаа хэр хэмжээгээр уух вэ?
- Энэ эмийг яаж уух вэ?
- Энэ эмийг хэрэглэж байхад хоол болон уух шингэн зүйлтэй холбоотой мэдэж байх ёстой зүйл байна уу?
- Эмээ уухаа мартвал би яах ёстой вэ?
- Эмийн гаж нөлөө илэрвэл би яах ёстой вэ?
Эмийн эмчилгээ нэмэгдэх үед
- Нэмж эм уух зайлшгүй шаардлага байгаа юу?
- Ууж байгаа эмийнхээ талаар эмчдээ хэлсэн бил үү?
- Энэ эм нь миний ууж байгаа бусад эмтэй зохицох уу?
- Хэрэв зохицохгүй байна гэж үзвэл би яах ёстой вэ?
- Би олон төрлийн эмийг зөв хэрэглэж чадах болов уу?
Хэрэглэж байгаа эмээ хянах үед
- Хэрэглэж байгаа бүх эмийнхээ жагсаалтыг хадгалах шаардлагатай юу?
- Эм тус бүрийг хэр удаан уух ёстой вэ?
- Уух шаардлагагүй болсон эмийг хэрэглэсээр байна уу?
- Миний эмийн эмчилгээг эмнэлгийн мэргэжилтэн байнга хянаж байна уу?
- Эмийн эмчилгээг хэр хугацаанд хянаж байх ёстой вэ?
Эмийн эмчилгээг зогсоох үед
- Эм тус бүрийг хэд хоног хэрэглээд зогсоох вэ?
- Ууж байгаа эмээ шууд зогсоож болох уу?
- Эм дуусвал би яах ёстой вэ?
- Эмтэй холбоотой гаж нөлөө илэрч, хэрэглээг зогсоовол би хэнд мэдэгдэх ёстой вэ?
- Үлдэгдэл эсвэл хугацаа нь дууссан эмийг би яах ёстой вэ?

0 cэтгэгдэлтэй