Канад улс Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлнэ

               
2022-02-15 0

Канадын эрх баригчид Украинд 7.8 сая канад доллар буюу 6.1 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр,  Украины талтай зөвшилцсөний эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна. Канадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Украинд пулемёт, гар буу, карбин, 1.5 сая сум, мэргэн буучдын винтов нийлүүлэх гэнэ. Өмнө нь Канадын эрх баригчид Украины армид зөвхөн дүрэмт хувцас болон бусад тоног төхөөрөмж нийлүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Канадын Зэвсэгт хүчин 2015 оноос хойш “Unifier” ажиллагааны хүрээнд Львов муж дахь Яворовын цэргийн хээрийн сургуулийн талбайд Украины армийн цэрэг, офицеруудыг сургаж байгаа юм. Уг ажиллагааг  2025 он хүртэл сунгаж, Украинд байрлах цэргийн зааварлагч нарын тоог 200-гаас 400 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа тус улсын Засгийн газар өмнө нь мэдэгдсэн билээ.

Канадын Засгийн газар мөн Украинд 500 сая канад долларын (392.5 сая ам.доллар) зээл олгоно гэж Ж.Трюдо мэдэгдсэн байна. Тус улс Украины эдийн засгийн тогтвортой байдал, шинэчлэлийг дэмжих зорилгоор өнгөрсөн сард 120 сая канад долларын (96.2 сая ам.доллар) зээл олгожээ.

Холбоотой мэдээ