Товчхон
               

“Ковид-19”-ээс сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо сэдэвт сургалт эхэллээ

               
2022-02-15 0

“Ковид-19”-ээс сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо, дэмжлэг” сэдэвтэй сургалт өнөөдрөөс эхэллээ.

Сургалт 14 хоногийн хугацаанд цахим хэлбэрээр орон даяар үргэлжлэх бөгөөд нийт 7100 сургагч багшийг бэлтгэх юм. “Ковид-19” халдварын үед цаашид хичээл сургалтыг тасралтгүй зохион байгуулахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, суралцахад нь тулгарч буй сэтгэл зүйн айдас түгшүүрийг хамтдаа даван туулах, сурлагын хоцрогдлын нөхөх, арилгах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр Сургууль-Багш-Эцэг эх нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Сургалтын нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын ахлах зөвлөх М.Батгэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа (цахимаар) оролцож, ковидын халдварын үед хичээл сургалтыг тасралтгүй явуулах, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд багш-хүүхэд-эцэг эхийн зөвлөлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, оролцогчдод амжилт хүсэв.

Сургалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл өдөр бүр үргэлжилнэ. 21 аймаг, нийслэлийн нийт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг хамруулсан уг сургалтад Баянзүрх дүүргийн 10 сургууль, 10 цэцэрлэгийн нийт 60 хүн оролцов.

Холбоотой мэдээ