
УУХҮ-ийн сайд Г.Ёндон ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Пассон нартай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сайд Г.Ёндон Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр Монгол Улс хилээ бүрэн нээж, вакцины 2 тунд хамрагдсан хөрөнгө оруулагч, жуулчдад нээлттэй болсныг тэмдэглээд, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогыг товч мэдээлэв.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, холбогдох хуулийн төслийг батлуулах, тухайлбал Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг салбар яамны зүгээс боловсруулаад байгаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэснийг дуулгасан юм. Мөн Германы ОУХАН-ээс уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан дагалдах дүрэм журмыг боловсруулахад дэмжин хамтран ажиллахыг хүслээ.
Сайдын хүсэлтийн хариуд Элчин сайд Ёорн Розенберг эдгээр 3 чухал хуулийн төслийн тухай мэдээлэл өгсөнд талархаад, 2 орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

0 cэтгэгдэлтэй