
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн 22 өдөр үргэлжлэх кампанит ажил өнөөдрөөс эхэлж, нэр дэвшигчид албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа явуулж эхэллээ.
Эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён баруун өмнөд нутгийн Бусан боомт хотын хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах цамхагт шөнө дунд очсоноор кампанит ажлаа эхлүүлжээ.
Сөрөг хүчний Иргэний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёлын хувьд БНСУ-ын улстөрчид шинэ замналаа эхлүүлэх үеэрээ уламжлал болгон очдог Сөүлийн үндэсний оршуулгын газарт очиж хүндэтгэл илэрхийлэх төлөвтэй байна.
Харин төвч үзэлт Ардын намын нэр дэвшигч Ан Чёл Су Ерөнхийлөгч асан Пак Чун Хигийн мэндэлсэн зүүн өмнөд нутгийн хотод зочлохоосоо өмнө консервативчууд давамгайлдаг Дэгү хотын сонгогчидтой уулзахаар төлөвлөж байгаа ажээ.
Шударга ёс намын Сим Сан Жон Хойд Жёлла мужийн Иксан хотын сонгогчидтой уулзаж, эхний хоёр өдрөө либерал Жёлла мужийн оршин суугчидтай уулзалт хийж өнгөрүүлнэ.
Сонгуулийн үндэсний хороонд нийт 14 нэр дэвшигч бүртгүүлээд байгаа талаар сонгуулийн хяналтын байгууллага мэдээлжээ.Сонгуулийн кампанит ажил үргэлжлэх хугацаанд нэр дэвшигчдэд намынхаа мөрийн хөтөлбөр, сурталчилгааны бусад материалаа сонинуудад 70 хүртэлх удаа хэвлэж, телевиз, радиогоор нэвтрүүлэх нэг хүртэлх минутын сурталчилгаагаа нэг сувгаар 30 удаа үзүүлэхийг зөвшөөрнө.
Мөн санал асуулгын дүнг сонгууль болохоос зургаан хоногийн өмнөөс олон нийтэд танилцуулж болохгүй байна. Энэхүү сонгууль нь 2020 онд санал өгөх эрхтэй сонгогчдын насны хязгаарыг 19-өөс 18 болгож бууруулснаас хойших анхны ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

0 cэтгэгдэлтэй