“Эдийн засгаа эко болгоцгооё” төсөл хэрэгжүүлнэ

               
2022-02-15 0

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “People in need” олон улсын ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинстэй “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн талаар ярилцлаа.

Энэ төсөл нь Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Эрдэнэт, Дархан хотод 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөснийг “People in need” ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тим Женкинс танилцуулав. Төсөл нь хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн чиглэлийн 10 мянган жижиг дунд үйлдвэрлэгч, 30 холбоо, 750 борлуулагчид хүрэх юм.

Төслийг үр дүнд хүргэхийн тулд 5 багц ажил хэрэгжүүлнэ. Тодруулбал, хүнс, ус ундааны салбарт эко шошго стандарт бодлого бий болгох, хүнс, ус ундааны салбарын ЖДҮ, болон борлуулагчид дээрх стандартыг нэвтрүүлэх, ногоон сүлжээний талаарх мэдээлэлтэй болгох, санхүүгийн шийдлүүдийг оновчтой нэгтгэнэ. Мөн эко шошгожуулалт нь цахим төлбөрийн системтэй уялдсанаар илүү өргөн хүрээг хамрахаас гадна ЖДҮ, борлуулагч, холбоо, хэрэглэгч, бусад оролцогч талын дунд эко шошгожуулалтын ач холбогдлыг мэдүүлэх, энэ тухай олныг хамарсан дадал зан төлөв бий болгохоор төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ “БОАЖЯ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийг дэмжинэ. Байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг дэмжих нөгөө талаар хог хаягдлыг багасгах, дахивар нөөц ашиглахыг судалж байна. Иймээс танай талаас тавьсан жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэхээр бэлтгэж буй төслийг дэмжинэ” гээд хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын уялдааг сайжруулах платформ ашиглан давхардал үүсгэхгүй, түншлэгч талуудтай мэдээллээ тогтмол солилцож байх”-ыг хүслээ. 

Холбоотой мэдээ