
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украиныг тойрсон хямралыг дипломат аргаар зохицуулахыг уриалаад, энэ чиглэлд НҮБ хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгдлээ.
А.Гутерреш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай мөн цахим хэлбэрээр тусдаа ярилцжээ. Эдгээр уулзалтын дараа А.Гутерреш сэтгүүлчдэд, хурцадмал байдал даамжирч, Европт цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй гэх таамаглал газар авч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр дипломат ажиллагаанаас өөр шийдэл байхгүй гэдгийг тэмдэглээд, хурцадмал байдлыг намжаах цаг ирсэн болохыг хэлжээ. Мөн холбогдох орнуудын удирдагчдын гаргаж буй дипломат хүчин чармайлтыг сайшаасан байна. Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик тус байгууллага Украин дахь 1600 гаруй ажилтнаа нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгүй байгааг мэдээлжээ.

0 cэтгэгдэлтэй