
Бразилын Петрополис хотод хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 94 болж нэмэгдсэн тухай аврах албаныхан мэдээлснийг “Globo” телевиз дамжууллаа.
Өмнө нь 71 хүн амиа алдсан гэж мэдээлж байв. Амиа алдсан хүмүүсийн найм нь хүүхдүүд аж. Одоогийн байдлаар аврагчид 24 хүнийг нурангин дороос гаргаж чадсан бөгөөд нурангин дор байж болзошгүй 35 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд 400 аврагч, 200 цагдаа, мөн цэргүүд, сайн дурынхан оролцож байна. Мужийн захирагч Клаудио Кастру гамшгийн уршгийг арилгахын тулд байгууллага хоорондын хүчин чармайлтыг зохицуулахаар мягмар гаргийн оройноос хойш тус хотод ажиллаж байна. “Энэ бол 1932 оноос хойших хамгийн ширүүн бороо байсан” гэж тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ мэдэгджээ.
Өмнө нь мэдээлснээр, онцгой байдлын албанд 190 шахам хөрсний гулгалт, 230 орчим жижиг ослын талаар мэдээлэл ирсэн байна. Байгалийн гамшгийн улмаас 80 орон сууцны барилга эвдэрч, үүнээс дор хаяж 54 нь бүрэн сүйджээ. Мягмар гарагт Петрополис хотод зургаан цагийн дотор 260 мм бороо орсон байна. Тус хотын эрх баригчид гашуудал, онц байдал зарлажээ.

0 cэтгэгдэлтэй