МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ

               
2022-02-17 0

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний дээд лигийн Дэрэн клубийн хүсэлтийн дагуу дасгалжуулагчийн Д зэрэглэлийн сургалт эхэллээ.

МХБХ-ны техникийн хэлтсээс уг сургалтыг 2 дугаар сарын 16-25-нд Дэрэн клубийн бэлтгэлийн бааз дээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гишүүн клуб, техникийн хэлтэстэй хамтарсан анхны сургалт гэдгээрээ онцлогтой юм.

Тус холбооны техникийн хэлтсийн энэ оны эхний “Д” зэрэглэлийн сургалтанд Дэрэн клубийн 14 тамирчин сонгогдон оролцож байгаа бөгөөд 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөлбөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна.

Сургалтын нээлтийн үеэр МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал Дэрэн клубийн удирдлагад хандан өөрийн клубийн дасгалжуулагчийн боловсролд анхаарал хандуулж байгааг сайшааж, цаашид клубүүд өөрийн бодлого стратегийн дагуу техникийн хэлтэст захиалга хүсэлтээ өгснөөр “Д” зэрэглэлийн сургалтыг клуб дотроо зохион байгуулах боломжтой гэдгийг санаачлан эхлүүлсэнд талархаж оролцогчдод амжилт хүссэн юм.

Энэхүү сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг болон МХБХ-ны сургагч багш Б.Ганбат нар удирдан явуулж байна.

Холбоотой мэдээ