Өнөөдөр “Тель-Авив-2022” Их дуулгад Монголын жудоч нар өрсөлдөнө

               
2022-02-17 0

Израиль улсын Тель-Авив хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээн уламжлал ёсоор 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанаар эхэлж, аваргуудаа тодруулна.

Тус Их дуулгад 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хүч үзэхээр Тель-Авив хотноо очсон бөгөөд өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 23 жүдоч хүч үзэх бөгөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Э.Сумъяабазар тэмцээний чансааны 8-д эрэмбэлэгдсэнээр сугалаанд А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваандаа Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматов, Израилын Ям Вользак нарын ялсантай шигшээ наймд шалгарахын төлөө хүчээ сорино.

Тэрбээр өрсөлдөгчөө ялвал хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой оноолт таарах магадлалтай байна. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялсан тохиолдолд С хэсгийг тэргүүлэгч 2021 оны Антальягийн Их дуулгын аварга Бельгийн Жорре Верстраетентэй учраа таарна. Түүнийг ялвал шилдэг наймд шалгарч, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайтай барилдах юм.

Харин 66 кг-д 26 жүдоч хүч үзэх бөгөөд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин, 66 кг жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар энэ жинд барилдана. 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваандаа эзэн орны Ярин Менагед, Узбекистаны Бобур Яджиев нарын ялсантай барилдана. Ялсан тохиолдолд Украины Богдан Ядовтой барилдах магадлал өндөр юм байна.

Домогт жүдоч Георгий Зантарая зодог тайлснаар Украины 66 кг жингийн гол төлөөлөл болсон энэ залуу өнгөрсөн оны төгсгөлд Абу Дабигийн Их дуулга, энэ оны Португалийн Гран пригээс хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин манай залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа таарлаа. Энэ бөхийг ялбал хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана.

Ташрамд дуулгахад, энэ жинд 60 кг жингийн олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметов, Гусман Кыргызбаевийн хамт жин өгсөн барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтатай шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Түүнийг дийлсэн тохиолдолд хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонитой барилдах магадлалтай. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Францын Ширинли Боукли тэргүүлэн барилдаж байна. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл хагас шигшээд Ш.Боуклитэй учраа таарна.

Эмэгтэй 57 кг-д Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарсан. Энэ бөхийг ялвал тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны Тимна Нельсон Левайтай учраа таарна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар өнөөдөр 17 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 23 цагт эхэлнэ.

Холбоотой мэдээ