Товчхон
               

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзлаа

               
2022-02-17 0

Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодит саналаа танилцуулсан юм. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлэн, БОАЖЯ “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж өгөхийг хүсээд, цаашид зөвлөлдөх уулзалт, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Тэрбээр, “БНСУ-аас 2019 онд 100 мянган жуулчин Монголыг зорин ирсэн. Энэ урсгалыг нэмэх боломж бий. Манай улсын жуулчдыг Монголд визгүй нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргахыг хүсэж байна. Монголын тухай мэдээ, мэдээлэл Солонгос иргэдийн дунд бага байдаг тул хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Мөн Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн визний мэдүүлэг бүрдүүлэлтийн шат дамжлагыг цөөлж, цахимаар мэдүүлэх болсон. Цаашид Монгол иргэдийг БНСУ руу зорчих визтэй холбоотой асуудалд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хүчин чармайлт гаргаж, анхаарна” хэмээжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлын шар түвшинд шилжин аялал жуулчлалын хаалгаа нээх шийдвэр гаргасан. БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуучлал” хэлэлцүүлэг зохион байгуулж, аж ахуй нэгж байгууллагуудын саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулсаныг дуулгалаа. 

Б.Бат-Эрдэнэ Элчин сайдыг БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран энэ сарын 21-нд гадаад улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдууд, аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтад урьсан юм. 

Холбоотой мэдээ