
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын яам, Гёте институтийн дэмжлэгтэй Монголын Уран зургийн галерейн дэргэд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг 2021 онд боловсруулан ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яамны “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-т илгээсэн нь дэмжигджээ. Ингэснээр ирэх сарын 1-нээс “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ.
Уран зураг сэргээн засварлах Монголын анхны энэхүү лаборатори нь Монголын Уран зургийн галерейн сан хөмрөг дэх галд гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлах бөгөөд улмаар Монгол Улсын хэмжээнд уран зураг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах юм.
2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээн болон 2009 онд гарсан гал түймэрт нийт мянга гаруй уран бүтээл өртсөнөөс дийлэнхийг нь улсын төсөв болон гадаад улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварлаж чадсан ч үлдсэн цөөнгүй бүтээл нь сүйдсэн хэвээр өнөөдрийг хүрчээ.
Мөн энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсаас 18 мянган евро гаргах хариуцлага хүлээж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид төсөл бичиж Монголын томоохон байгууллагуудад хандсан. “Эко констракшн” болон “MCS” ХХК-иас дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид “MCS” ХХК-тай хамтран ажиллахаар болоод байна. Урлагийн зөвлөл болон “MCS” ХХК хамтран лабораторийн тохижилтыг манайд хийж өгөхөөр болсон” гэлээ.
Ташрамд дурдахад, Монголын Уран зургийн галерей бол БШУЯ-ны харьяа, сайдын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Анх 1991 онд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс салбарлаж үүсгэн байгуулсан орчин үеийн дүрслэх урлагийн музей юм. Монголын Уран зургийн галерей 31 жилийн түүхэндээ давтагдашгүй урлагийн бүтээлийн сан хөмрөгөөр баяжигдан ирсэн бөгөөд хосгүй үнэт өвүүдийг үзэсгэлэнгийн танхимдаа байрлуулж, иргэдийн урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа юм. Түүнчлэн тус музей 2019 оноос шинэ менежментээр ажиллаж, явуулын үзэсгэлэн буюу “Галерей аялж байна” зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж гадаад, дотоодод Монголын урлагийг сурталчлан, таниулах үйл ажиллагаа явуулж байна.
Монголын Уран зургийн галерей өдөр бүр 9.00-18.00 цаг хүртэл ажилладаг ба насанд хүрэгчид 4000 төгрөг, оюутнууд 2000 төгрөг, хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

0 cэтгэгдэлтэй