TODAY: Хэвлэлийн тойм /2 сарын 18/

               
2022-02-18 0

“ӨДРИЙН СОНИН”-ы тойм

No description available.

Гол онцлох: Иргэд өглөөний дасгалд ирэхдээ цагаа сайн барьж байна хэмээх өдрийн сурвалжлагаар дугаарын онцлох хийжээ. Илүүдэл жингүй эртэч монгол аяны хүрээнд хийсэн уг сурвалжилгаас “…зааланд дасгал хийхээр ирсэн иргэдийн 64 хувь нь эмэгтэй… Хүмүүсийн бараг тал нь 38-48 насныхан байлаа. Нэг иргэн өглөө 5:40 цагт босч, гэрээсээ заал руу алхаад ирэхэд дасгал яг эхэлж байгаад таатай байна” гэжээ.

Харин дэд онцлох нь эдийн засагч Ч.Хашчулууны “Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн цариг ашигладаг” гэх ярилцлага нийтлэгдсэн байна.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. “АН-ын тамгыг булаалдсан талуудын маргаан эцэслэгдэв үү” гэх гарчигтай тодруулгад тус нам дотор хуваагдаад буй талуудын байр суурийг тусгажээ. Тухайлбал, С.Эрдэнэ даргатай АН-ын дэд даргаар сонгогдсон Ц.Оюундарь “Шүүхийн маргаан шийдэгдтэл С.Эрдэнийн барьж байгаа тамга хүчин төгөлдөр үйлчилнэ” гэсэн бол О.Цогтгэрэл даргатай АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир “С.Эрдэнэ шүүхийн шийдвэрийг хууль бусаар тайлбарлаж байна” гэж тайлбараа өгчээ.
  2. Хуульч, доктор профессор Л.Батжав “Зээлээ нэг өдрийн дотор төлж байгаа нь факт. Ард иргэдийн боломжийг хулгайлсны нотолгоо” гэж Хөгжлийн банк тойрсон маргааны талаар тайлбарлан ярилцсан байна.
  3. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшээд буй С.Дондов, Т.Саруул нар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн сонсголд оролцжээ. Энэ үеэр гишүүд болон нэр дэвшигч нарын харилцан ярианы хураангуйг сонины 3 дугаар нүүрт нийтэлжээ.
  4. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн “Энэ онд импортоор хүнсний улаанбуудай авахгүй байхаар шийдвэрлээд байна” гэх ярилцлага өгчээ. Тэрээр 2021 оны ургац хураалтаар 567мян тонн улаан буудай хурааснаас стандарт хангасан 269мян тонныг хүнсний гурил үйлдвэрлэлд шилжүүлжээ. Тариалан бүхий ААН, иргэд дараа оны тариаландаа 42мян тонныг нөөцөлж. Харин ХААДС-д 13мян тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн. Мал, шувууны тэжээлд 90мян тонн, спиртийн үйлдвэрүүдэд 25мян тонн буудай борлуулснаар одоо тариаланчдад 41мян тонн улаанбуудай зах зээлийн эргэлтэд ороогүй үлдсэн гэх тоо гарсан гэжээ.
  5. Дэлхийн мэдээ буланд “Владимир Путин, Владимир Зеленский нар уулзахаар болов” гэх мэдээ гарсан нь анхаарал татлаа. ОХУ, Украйн улс дайн хийх эсэх асуудал одоо ч дэлхийн анхаарлын төвд байсан хэвээр байгаа юм.
  6. Сэтгүүлч Н.Гантулгын “Монголчууд бид мухар сүсгийн балчигт живж байна” хэмээх гарчигтай асуудал дэвшүүлсэн, шүүмж өгүүллийг Today.mn онцолж байна.

ӨНӨӨДӨР” сонины тойм

No description available.

“Хөгжлийн банкыг дампууруулсан гэмтнүүд” гэх гарчигтай өгүүллээр “Өнөөдөр” сонин дугаараа онцолжээ. Тус нийтлэлд дотроо “ТУЗ нь хангалттай ажиллаж чадсангүй”, “Гүйцэтгэх удирдлага нь улстөрчдийн нөлөөнд явж иржээ”, “Аудиторууд юу хийв”, “УИХ, Засгийн газар ч буруутай”, “Эксим банк болоод байдал өөрчлөгдөх үү” гэх дэд гарчгуудад асуудлыг олон талаас нь харуулж, цогц өгүүлэл болгосныг сонины дугаараас уншаарай.

Сэтгүүлч Б.Номин “Ковид-ын гэх хуулийг хүчингүй болгоё” гарчигтай өгүүлэл бичсэнийг дэд онцлохтоо нийтэлжээ. Уг хуулийг сунгах болсон нь хорио цээрийн дэглэм, хил хаалттай асуудлуудаас болсныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үндэслэл болгон хэлж байв. Гэтэл ЗГ хурлаараа манай улс хилээ нээлээ гэж, хотын дарга Үйлчилгээний газруудаа дахин хаахгүй ээ гэж тус тус мэдэгдэж, шийдвэр гаргасан. Мөн уг хуулийн хүрээнд олон ч дарга, албан тушаалтан сонгон шалгаруулалтгүй шууд томилогдож, төрийн албаны нөөцөд орсон хүмүүсийн өмнүүр гишгэсэн. Тэгвэл эдгээр түр дарга, үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын асуудлыг өнгөрсөн оноор тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Төрийн албаны зүгээс чиглэл болгосон байж. Ковидын хууль хэрэгжиж байгаа цагт тэд ажилласаар л байх бололтой, харин хуулиа цуцлах нөхцөл бүрдчихээд байхад үргэлжлүүлсээр байгаа нь ямар учиртай вэ?

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. “Боломж бий болгосон тоглоомууд” гарчигтай сурвалжилгын эзэн бол Т.Туяажаргал бүсгүй юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд ажил хөдөлмөр хийх боломжгүй байдлыг биеэр мэдэрч, санаачилга гаргасан нь 2011 он юм. Түүнээс хойш өөртэйгөө ижил нөхцөлд байгаа аав, ээжүүдээр хүрээгээ өргөтгөсөөр хэрхэн өнөөдрийн тогтворжсон бизнестэй болсон тухай уг сурвалжилгаас уншаарай.
  2. Сэтгүүлч Ж.Сувдмаа “Аялал жуулчлалын арга хэмжээнүүдээ өөд нь татъя” гэж өгүүлэл нийтэлжээ. “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” арга хэмжээ болж, манай улс урт хугацааны дараа аялал жуулчлалаар дэлхийд дахин мэндчилэх цаг нэгэнт болж байна. Ийм үед том жижиг, шинэ хуучин олон янзын санаачилга, арга хэмжээ хэрэгжих нь дамжиггүй. Тэгвэл уламжлал болсон, олон хүний анхаарал татдаг, томоохон арга хэмжээнүүдээ дорвитой хийхэд анхаарч, хүчээ нэгтгэх нь зүйтэй гэж сэтгүүлч бичжээ.
  3. Зохиолч, яруу найрагч, СГЗ М.Эрдэнэбат “Авьяас биетэй хамт төрдөг гэж боддог” хэмээх уран бүтээлчийн ярилцлага нийтлэгдсэн байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонины тойм

No description available.

“Хүүхэлдэйн театр тайзны урлагийг театрт нь ирж үзэх ёстой гэсэн зарчмыг л баримталдаг” хэмээн Хүүхэлдэйн тетартын захирал М.Отгончимэг ярилцлага өгснийг тус сонин гол материал болгожээ. Тус театр 21 аймагт хүрч очиж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор 31 ажилтантай. Ковидын нөхцөл байдалд үзэгчдийнхээ онцлогоос шалтгаалж ажиллахад улам л хүндрэлтэй болсныг хэлж байна. Тухайлбал, үндсэн үйлчлүүлэгчдийн 80 хувь нь 3-12 насныхан. Гэтэл тэд коронавирусийн вакцин хийлгээгүй нь бэрхшээл болжээ. Мөн хүний нөөцийн асуудал, салбарын хөгжлийн асуудлаар олон зүйлийг хөндсөн ярилцлагыг та сониноосоо уншаарай.

Харин дэд онцлохоор “Нэг айл усны төлбөрт дунджаар 10 мянган төгрөг нэмүү төлөх тооцоо гарсан” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тариф, судалгааны газрын дарга С.Нямдаа ярьсныг нийтэлсэн байна.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. Л.Оюун-Эрдэнэ “Тендэрийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно” гэж мэдэгдлээ,
  2. “Японы эрдэмтэд Ковид-19-өөс насан туршдаа хамгаалах вакцин бүтээнэ” гэх өгүүлэл нийтлэгдсэн байна.
  3. Уулын спорт, дугуйн тамирчин Ч.Мөнгөндалай Африк тивийн Климанжаро оргилд энэ сарын 18-25-нд авирахаар товложээ. Тэрээр Танзанид очоод байгаа тухай “Үндэсний шуудан” мэдээлжээ.

“ЗУУНЫ МЭДЭЭ” сонины тойм

No description available.

Нийслэлд тулгамдаад буй асуудал болох түгжрэлийн талаар “Хотыг арван жил удирдсан таван даргын амлалт” хэмээх гарчигтай өгүүллээр өнөөдрийн дугаарыг онцолжээ. 10 гаруй жилийн өмнөөс л метротой болох сураг дуулсан нийслэлчүүддээ түгжрэлийг бууруулахын төлөө Ч.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар юу юу гэж амлалт өгч байсныг тус сонин эргэн сануулж байна.

Харин дэд онцлохоор “Нэг өдөрт “Цагаан дара эх бурхныг бүтээвэл бурхан урлаач боллоо гэж үздэг” хэмээх шүтээн урлаач У.Бямбажавын ярилцлагыг нийтэлжээ.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. “Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам хоёроор “цайрах” вий” гэх өгүүллийг сэтгүүлч Б.Дамдин-Очир нийтэлжээ.
  2. Харин сэтгүүлч Б.Гарьд “Ерөнхий сайд даллаад л байна, тэд ирэх үү” хэмээн “Шинэ сэргэлтийн бодлого” ба өнгөрсөн хугацааны өрнөл, нөхцөл байдал хоёрыг хоршуулан Засгийн газрыг чимхээд авчээ.
  3. Өдрийн сурвалжилга буландаа “Улаанбаатарыг тойрсон оршуулгын газрыг цэгцэлье” хэмээн бичсэн байна.
  4. Доктор, профессор Д.Гансүх “Гэр ба байгаль төсөл малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” гэж ярилцлага өгчээ. Уг төслийн зорилго нь малчин өрхүүдийн орлогыг аялал жуулчлалын шугамаар нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Тухайлбал, жуулчдыг тур операторууд хүлээн авч, аялал хийдэг байсан бол энэ төслийн үр дүнд жуулчид шууд малчин өрхтэй холбогдох. Улмаар тэднийг хүлээн авч үйлчлэх юм байна. Үүний тулд тухайн өрх уламжлалт мал аж ахуйтай, жуулчдын тав тухыг хангасан нөхцөл бүрдүүлсэн, нутаг орны түүх, соёлын дурсгалын талаар мэдээлэл өгөх чадамжтай гэх зэрэг хэд хэдэн шаардлага хангасан байх учиртай ажээ.

Холбоотой мэдээ