Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 26.8 их наяд төгрөг боллоо

               
2022-02-18 0

Mөнгөний нийлүүлэлт 26.8 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (10.5 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 1.8 (57.2%) их наяд, төгрөгийн хадгаламж 1.1 (8.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Бага мөнгө (M1) нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 684.6 (10.5 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (49.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Бага мөнгө (M1)-ний 4.9 (84.8 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 887 (15.2 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.

Бараг мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 399.1 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 612.6 (3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 14.8 (70.5 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4 (19.2 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.2 (10.3 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 71.1 (6.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 170 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Гадаад цэвэр актив /ГЦА/ мөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.3 (34.1 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (53.4 хувь) их наяд төгрөгөөр багассан бол дотоод цэвэр актив /ДЦА/-ын 24.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 213.2 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.4 (28.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Холбоотой мэдээ