
Нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын эцэст 21 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаас 129.6 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (21.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 51.7 хувь нь иргэд, 46.2 хувь нь хувийн байгууллага, 1.3 хувь нь төрийн байгууллага, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх аж.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нэгдүгээр сарын эцэст 17.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 18.9 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4 (28.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 4.4 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 102.4 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 273.1 (20.8 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар багаслаа.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэгдүгээр сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8.4 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 76.3 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 нэгж хувиар багассан аж.
Арилжааны банкууд, Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 12 дугаар сарын эцэст 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 76.1 (1.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 735.3 (14.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

0 cэтгэгдэлтэй