
Хүний нас нэмэгдэх тусам тархины ажиллагаа нь удааширдаг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл Nature Human Behaviour сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны тайланд тархины ажиллагаа 60 нас хүртлээ удааширдаггүйг баталсан байна.
Хэйделбэргийн их сургуулийн доктор Миша вон Краузегийн ахалсан баг 10-80 насны нэг сая гаруй хүний сэтгэх чадварыг орчин үеийн “machine learning” технологийн тусламжтайгаар энэхүү дүгнэлтийг гаргажээ. Судалгаанд оролцогчдоор тодорхой даалгавруудыг гүйцэтгүүлж, зөв хариултыг ямар хугацаанд сонгосон байдлаар нь дүгнэсэн аж.
Зөв хариултыг богино хугацаанд сонгосон үзүүлэлтээр мэдээж 20 настнууд тэргүүлсэн байна. Харин судлаачид зөвхөн механик хурднаас гадна анхаарал болгоомжтой байдал, алдаа гаргахгүйг хичээдэг чанар зэрэг бусад хүчин зүйлүүдийг анх удаа хиймэл оюуны тусламжтай үнэлсэн нь онцлог болжээ.
Тухайлбал энгийн болон хүнд хэцүү асуултуудад ялгаагүй удаан хариулж байвал үүнийг тархины удаан ажиллагаатай холбоогүй, механик үйлдлийн удаашралтай холбоотой гэж хиймэл оюуны систем үнэлсэн байна. Энэ мэтээр өмнө нь судлагдаж байгаагүй бусад хүчин зүйлүүдийг тооцоход хүний оюуны чадвар 30 орчим насанд оргилдоо хүрч, 30-60 насны хооронд багахан хэмжээгээр буурдаг гэсэн дүгнэлт гарчээ.

0 cэтгэгдэлтэй