МАН-ын Хяналтын хороо өнөөдөр 15:00 цагт хуралдахаар болжээ

               
2022-02-18 0

Хяналтын хорооны хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч авлига, албан тушаалыг хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж магадгүй.

Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар ажиллаж эхэлсэн. Бид анх удаагаа намын дүрмийн өөрчлөлтөөрөө албан тушаалын болон авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон эдгээдүүдтэй улс төрийн хариуцлагыг тооцож, улс төрийн намаас хасах боломжтой болсон. Аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг улс төрийн нам дотроо улс төр хийх боломжийг нь хясан боогдуулах, хасах дүрмийн заалтаа баталсан. Улс төр хийх сонирхолтой улс төрийн намаар дамжаад төрийн аливаа шатанд сонгогдох сонирхолтой, төр юмуу орон нутгийн бүх түвшинд удирдах ажилд оролцох хүсэлтэй хүмүүст хариуцлага алдсан тохиолдолд ямар ч дэмжлэг байхгүй гэсэн үг.

Манай намын дүрэм өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээр батлагдсан. Ингээд дүрэм батлагдсан өдрөөс эхлээд манай намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлаар ажиллаж эхэлсэн. Гэмт хэрэгт холбогдоод шүүхээр таслагдаад ял шийтгэл эдэлчихсэн, гэмт хэрэгт холбогдсон, шүүхээр таслагдаж байгаа, гэмт хэрэгт холбогдоод хууль хяналтын байгуулагаас шалгагдаж байгаа этгээдүүдийг өөрсдийн мэдээлэл дээр үндэслэн, мөн хууль хяналтын байгууллагууд руу тодруулга авах ажлууд хийгдээд эхэлж байгаа гэсэн үг. Үүн дээр үндэслэж бид шийдвэрүүд гаргана” гэж хэлсэн юм.

Холбоотой мэдээ