“Статистик тооцооны арга, арга зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

               
2022-02-18 0

ҮСХ-ноос өнөөдөр “Статистик тооцооны арга, арга зүй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, ДНБ болон инфляц, өрхийн сарын дундаж орлогыг тооцох арга зүйг холбогдох  төрийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлчдэд танилцуулав.

Инфляцийг тодорхойлдог хэрэглээний үнийн индексийг манай улс 1991 оноос эхлэн ОУВС-гийн аргачлалаар тооцож иржээ. Инфляцийг суурь үнэ болон хэрэглээний сагс, мөн жингээр тооцон 5 жил тутам шинэчилж ирснийг ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга М.Оюунжаргал танилцуулав. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар хэвээр, тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үнийн дундаж өөрчлөлт юм гэдгийг тэрээр тодотгож байв.

Хэрэглээний үнийн индексийг хэрэглээний сагсаар тооцон гаргадаг байна. Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн өрхийн дундаж хэрэглээг төлөөлөх, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт болох хэрэглээний сагс өнөөдрийн байдлаар 12 бүлгийн 373 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Анх 1991 онд тооцож эхлэхэд энд 123 бараа, бүтээгдэхүүн “багтаж” байсан бол 1995 онд 205, 2000 онд 239, 2005 онд 294, 2010 онд 329 болж нэмэгдэж иржээ.

Хэрэглээний сагс: Үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм.​

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас гарсан зардлын үр дүнд 0.2 болон түүнээс дээш хувийн жин эзэлж буй бараа, үйлчилгээг сагсанд оруулдаг байна. Хэрэглээний сагс хот болон хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хувьд ялгаатай, Улаанбаатар хотод 344 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтаж байхад аймагт 238 нэр төрлийн бараа, үйлчилгээ, сумдад 144 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс бүрддэг аж.

Инфляцид суурь үнэ, хэрэглээний сагсаас гадна хэрэглээний бараа, үйлчилгээний жин мөн нэлээн жин дардаг аж. Хэрэглээний бараа, үйлчилгээний жин гэдэг нь өрхийн худалдаж авсан бараа, үйлчлүүлсэн үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь аж. Жин нь бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт нь хэрэглэгчийн зарцуулсан зардлын дүнд хэрхэн нөлөөлөхийг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар хэрэглээний сагсны:

  • 26.1 хувийг хүнсний бараа, үүн дотор мах, махан бүтээгдэхүүн хамгийн их буюу 8.4 хувийг эзэлж байна,
  • 16.6 хувийг бөс бараа, гутал, хувцасны бүлэг,
  • 14.4 хувийг тээврийн бүлэг, үүнд дотор автобензин, шатахуун 5.7 хувийг бүрдүүлж байна.

Өрхийн сарын дундаж орлогыг тооцхох арга зүйн талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг танилцуулсан юм. Түүний мэдээлснээр, ҮСХ 1966 оноос эхлэн өрхийн орлого, зарлагын судалгааг явуулж иржээ. Өрхийн энэхүү судалгаа болон амьжиргааны түвшний түүвэр судалгааг нэгтгэн 2007 оны 7 дугаар сарын 1-нээс “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г явуулж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нь өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн мэдээллийг түшиглэн Монгол Улсын хүн амын амьжиргааны байдал, ядуурал, өрхийн орлого, зарлага, хэрэглээ болон бусад үзүүлэлтийг тодорхойлох үндсэн зорилготой аж. Тухайлбал, цалин хөлсний орлогыг тооцохдоо, сүүлийн 12 сард эрхэлсэн үндсэн болон давхар ажлын сүүлийн 1 сарын цалингийн дундаж үзүүлэлтийг авдаг байна. Хэрэв сүүлийн 1 сарын цалингийн орлого байхгүй бол сүүлийн 12 сарын цалингийн орлогыг 12-т хувааж, дундаж цалин хөлсний хэмжээг авдаг аж. 

Холбоотой мэдээ