Их Британи эдийн засагт хөрөнгө оруулагчдад “Tier 1” виз олгохгүй

               
2022-02-18 0

Их Британийн эдийн засагт хөрөнгө оруулагчдад иргэний харьяалал харгалзахгүйгээр виз олгох хөтөлбөрийг Дотоод хэргийн сайд Прити Патель зогсоолоо гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Энэхүү арга хэмжээ нь “залилан, хууль бус санхүүжилтийн эсрэг тэмцлийг сэргээх эхлэл юм” гэж Прити Патель мэдэгдсэн байна. “Алтан виз”-ний хөтөлбөрийг Их Британийн эдийн засагт чинээлэг цагаачдын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. “Tier 1” (Investor) визийг авахын тулд тус улсын эдийн засагт дор хаяж 2 сая фунт стерлингийн хөрөнгө оруулах шаардлагатай байв.

Их Британийн Дотоод хэргийн яам хууль бусаар олсон мөнгө тус улсын санхүүгийн системд цутгах вий гэж болгоомжилсны улмаас хөтөлбөрийг хаахаар шийджээ. Их Британид ирж “дүрмийн дагуу тоглох” хүсэлтэй байгаа хүмүүс “шинийг санаачлагчийн виз”-ийг авах боломжтой байна. Энэ визийг Их Британид инновацын бизнес эхлүүлж, хамгийн багадаа 50 мянган фунт стерлингийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа хүмүүс авах боломжтой гэнэ. ДХЯ энэ хөтөлбөрийг эцэслэн боловсруулна гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.

Холбоотой мэдээ