
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Хоёрдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус хүйтэн байна.
Бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Хоёрдугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн.
Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

0 cэтгэгдэлтэй