Товчхон
               

Дэлхий дахины 1005 дахь удаагийн цусны донорын хөдөлгөөн боллоо

               
2022-02-18 0

“Ковид-19” цар тахлын улмаас цусны донорын тоо буурч байгаа бөгөөд омикрон мутацын тархалт мөн давхцаж, цусны хомсдол улам бүр нэмэгдсээр байна. Энэ үед Бурханы сүмийн дэлхий дахины 1005 дахь удаагийн цусны донорын хөдөлгөөнөөр Монгол дахь Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийн итгэгчид цусны хомсдолыг арилгахаар цусаа хандивлах үйл ажиллагаанд манлайлан оролцлоо.

2022.2.17-ны өдөр Бурханы сүмийн итгэгч гишүүд, тэдний гэр бүл, ойр дотнын 70 гаруй хүн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирж цусаа өглөө. Цус хандивлах үйл ажиллагаа эрч хүчээр дүүрэн хүмүүсийн халуун дулаан уур амьсгалд болж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтнууд эрүүл, аюулгүй орчинд цусаа өгөхөд нь туслан ажиллалаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр уг үйл ажиллагааг нээж, “Бурханы сүмийн хамт олон 2012 оноос хойш 10 гаруй жилийн туршид  итгэгчид болон тэдний ойр тойрны хүмүүсийг хамруулан цус хандивлах ажлыг жилд хоёроос доошгүй удаа тогтмол зохион байгуулж ирлээ. Энэ бол цус, цусан бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа хүмүүст амь насыг нь аврахад үнэхээр чухал ач холбогдолтой ажил. Өнгөрсөн хугацаанд Бурханы сүмийн итгэгчдээс байнгын донорууд олон гарч ирсэн нь цус, цусан бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх, гэнэтийн болон аюултай үед маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас та бүхэнд онцлон талархал илэрхийлье” гэж хэллээ.

Бурханы сүмийн албаны хүн хэлэхдээ, “Цусыг орлох зүйл хаана ч байхгүй тул цус сэлбэх шаардлагатай байгаа өвчтөнүүдэд цусаа өгч байж л тэдэнд туслах боломжтой гэж бид сонссон. Амь аврах сайхан үйлсэд нийт итгэгчид маань сайн дураараа оролцлоо. Цусаа хандивлах үйлсэд улам олон хүн нэгдэж, цусны хомсдолын асуудал хурдан шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид улс орон, хөрш нийгэмдээ итгэл найдвар, баяр баясгалан хуваалцах үйл ажиллагаануудыг цаашид ч хийсээр байх болно” гэв.

Итгэгч Б.Анударь, “Би өнөөдөр 10 дахь удаагаа цус хэрэгтэй байгаа хүмүүст цусаа хандивлалаа. Залуустаа хандаж хэлэхэд өөрөөсөө шалтгаалах үнэгүй өгч болох энэхүү үнэ цэнтэй халуун цусаа тусламж хэрэгтэй байгаа нэгэндээ бэлэглэцгээе гэж уриалмаар байна. Би 2012 оноос хойш энэ сүмд явдаг болсноос хойш олон сайн үйлсийн ажилд гар бие оролцож байгаа. Эндээс би нийгэмд залуучуудын оролцоо ямар их хэрэгтэй байдгийг, залуучуудын үүрэг ямар чухал байдгийг ойлгож байгаа” хэмээн бахархан ярилаа. 

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын шашин сүм хийд болон төрийн бус байгууллагын асуудал хариуцсан ажилтан Д.Хонхонцэцэг,“Юуны өмнө ийм сайхан гэгээлэг үйл ажиллагаа байнга явуулж байдаг Бурханы сүмийн хамт олон, итгэгч нарт гүнээ талархаж байна. Нэг хүний цусаар гурван хүний амь насыг авардаг гэдэг. Ийм сайхан үйл ажиллагаанд уригдан ирсэндээ маш их баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Бурханы сүм нь цусны донорын үйл ажиллагаа зохион явуулахаас гадна гамшгийн үед тусламж үзүүлэх, байгаль орчин цэвэрлэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, хөршүүддээ туслах зэрэг сайн дурын янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн Монгол улсад ч төрөл бүрийн сайн дурын арга хэмжээг тасралтгүй өрнүүлсээр иржээ. 

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран цөлжилт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор экологийн цэцэрлэгт хүрээлэн болох Агропаркт 500 ширхэг хайлаас мод тарьж, Баянзүрх дүүргийн 4-р хорооны өндөр настнуудыг хүлээн авч, ахмадуудтайгаа нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлсэн байна. Хүйтний эрч чангарч байгаа ойрын өдрүүдэд хөрш нийгэмдээ туслах зорилгоор цас цэвэрлэх сайн дурын ажил ч өрнүүлжээ. 

“Ковид-19”-с урьдчилан сэргийлэх, даван туулах үйлсэд мөн идэвхтэй оролцсоор байна. Баянзүрх дүүргийн 4-р хороонд Overlock оёдлын машин болон дижитал оёдлын машин хандивлан “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүндрэлд орсон орлого багатай эмэгтэйчүүдэд боловсрол, техникийн зааварчилгаа өгч, ажлын байр бий болгоход тусалсан. “Ковид-19” халдварын эсрэг тэмцэхэд тэргүүн шугамд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор ЭМЯ, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн шинжилгээний төв, Дархан-Гал сөнөөх анги зэрэг байгууллагуудад нийт 27,000 ширхэг амны хаалт, чацарганын ундаа зэргийг хандивлажээ. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэдэд халдвараас үүдэлтэй эдийн засгийн хямралын үеэр амьжиргаагаа хүндхэн залгуулж буй иргэдэд 30 иж бүрдэл хүнсний бүтээгдэхүүн, халдвар илэрсэн эмзэг бүлгийн иргэдэд 1,2 сая төгрөг хандивлаж, тэдэнд урам дэм өгсөн байна.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа тогтмол өрнүүлдэг Бурханы сүмд олон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас 3300 гаруй удаа шагнал өгсөн бөгөөд үүнд Байден, Трамп, Обама нарын засгийн газрын Сайн дурын ажлын дээд шагнал, БНСУ-ын гурван үеийн ерөнхийлөгчийн шагнал, олон улсын байгаль орчны шагнал болох Ногоон дэлхий (Green World), Ногоон алим (Green Apple) гэх мэт шагналууд багтаж байгаа аж.

Холбоотой мэдээ