Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл 19 хувиар буурчээ

               
2022-02-18 0

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл өмнөх долоо хоногийнхоос 19 хувиар буурсан бол нас барсан тохиолдлын тоо тогтвортой хэвээр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар “COVID-19” халдварын 16 сая гаруй тохиолдол шинээр илэрч, 75 мянга орчим хүн халдвараар нас барсан байна.

ДЭМБ-ын бүс нутгуудаас өнгөрсөн долоо хоногт зөвхөн Номхон далайн баруун бүсэд халдварын шинэ тохиолдлын тоо өссөн дүн /19 хувь/ үзүүлсэн бол Зүүн Өмнөд Азид 37 хувиар буурсан нь хамгийн их үзүүлэлт болжээ. Харин халдвараар нас барсан тохиолдлын тоо Ойрхи Дорнодод 38 хувиар, Номхон далайн баруун бүсэд гуравны нэг орчмоор өссөн байна.

Улс орноор авч үзвэл “COVID-19” халдварын хамгийн олон шинэ тохиолдол ОХУ-д бүртгэгджээ. Тодруулбал, тус улсад болон Зүүн Европт халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас өвчлөл сүүлийн долоо хоногуудад хоёр дахин нэмэгдээд байна.

ДЭМБ-ын мэдээлснээр, коронавирусний бусад хувилбарууд болох “альфа”, “бета”, “дельта” хувилбарын тохиолдол үргэлжлэн буурсаар байгаа бол “омикрон” хувилбарынх өссөн хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт геномын дарааллын 400 мянга гаруй шинжилгээ хийхэд 98 гаруй хувь нь “омикрон” хувилбараар халдварласан байжээ. 

Холбоотой мэдээ