Товчхон
               

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины асуудлыг намжаахыг уриаллаа

               
2022-02-19 0

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украинд үүсээд буй нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ.

“Европт хурцадмал байдал нэмэгдэж, цэргийн мөргөлдөөний талаарх таамаглал газар авч буйд миний бие маш их санаа зовниж байна. Би ийм зүйл тохиолдохгүй гэж би бодож байна. Гэхдээ ийм зүйл болбол гамшиг нүүрлэх болно” гэж А.Гутерреш Мюнхений аюулгүй байдлын бага хурлын нээлтийн үеэр хэлэв.

“Үүнийг шийдвэрлэхэд дипломат ажиллагаанаас өөр арга үгүй, шийдвэрлэхэд хүнд эсэхийг нь үл харгалзан бүх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэн зохицуулах ёстой, одоо хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон” гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн байна.

Мөн НҮБ-ын тэргүүн, “Шинэ Хүйтэн дайн эхэлсэн эсэх талаарх асуулт надад хааяа ирдэг. Үүнд одоо хариулбал дэлхийн аюулгүй байдалд заналхийлэх аюул нь энэ цагт тухайн үеийнхээс илүү төвөгтэй бөгөөд магадгүй өндөр байна” хэмээн ярьжээ.

Мюнхений аюулгүй байдлын бага хурал хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болох бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас өнгөрсөн онд цахим хэлбэрээр явагдсан бол энэ удаагийн бага хуралд оролцогчид болон үйл ажиллагааны тоог гуравны хоёроор багасгасан байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ оны бага хуралд 30 гаруй орны төр, засгийн тэргүүн нар, 100 сайд, олон улсын томоохон байгууллагуудын удирдлагууд оролцох ажээ. 

Холбоотой мэдээ