
Хонконгт коронавирусний өвчлөл эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх гуравдугаар сарын 27-нд явуулахаар товлоод байсан засаг захиргааны тэргүүний сонгуулийг тавдугаар сарын 8-ныг хүртэл хойшлуулахаар болжээ.
Баасан гарагт засаг захиргааны тэргүүн Кэррис Лам сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Засгийн газар цар тахалтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.
Хонконгт “COVID-1”-ийн өвчлөл эрс нэмэгдэж байгаагийн улмаас эмнэлгийн ачаалал нэмэгдэх болоод байгаа юм. Тухайлбал, өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо пүрэв гарагт анх удаа 6000 давсан бөгөөд энэ үзүүлэлт нь хоёрдугаар сарын эхээр 100 орчимд хэлбэлзэж байжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин халдварын тархалтыг хяналтад авахад шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чиглэлийг Хонконгийн засаг захиргаанд лхагва гарагт өгсөн байна. Түүний дараа К.Лам Хонконгийн бүх 7.5 сая оршин суугчийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулна гэж мэдэгджээ.
Хонконгийн засаг захиргааны тэргүүний сонгууль таван жил тутам явагддаг бөгөөд К.Ламын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөх эсэхээ хараахан мэдэгдээгүй байна.

0 cэтгэгдэлтэй