Э.Тутберидзе: Бид тамирчнаа ямар нэг байдлаар гадуурхаагүй

               
2022-02-19 0

Бээжин 2022 олимпын наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан тэмцээний үеэр Оросын 15 настай од Камила Валиева тааруу амжилт үзүүлж, дөрөвдүгээр байрт орсон билээ.

Түүнийг тойрсон сэргээшийн дуулиан амжилтад нь нөлөөлсөн гэж олон хүн үзэж байгаа.

Валиеваг үзүүлбэрийнхээ дараа талбайгаас буухад түүний дасгалжуулагч Этери Тутберидзегийн гаргасан хүйтэн харьцааг хүмүүс шүүмжилж байв.

“Яагаад чи чадсангүй вэ? Яагаад бууж өгөв? Надад тайлбарлаач. Яагаад?” гэж Тутберидзе тамирчнаа зэмлэж байгаа нь тэмцээний шууд дамжуулалтаас харагдаж байлаа.

Шүүмжлэгчдийн дотор Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах байсан юм.

Тэрбээр Баасан гарагт сэтгүүлчтэй уулзахдаа “Ийм дарамт үзүүлдэг гэж би төсөөлж байсангүй. Ялангуяа 15 настай жаахан охинд. Түүнд туслах, сэтгэлийн дэм өгөхийн оронд маш хүйтэн харьцаж байгааг харах надад хэцүү байлаа. Энэ бүхнээс харахад Камилагийн хүрээнийхэн өмнө нь түүнтэй зөв харьцаж байсан, цаашдаа зөв харьцана гэсэн итгэл надад төрсөнгүй. Гэр бүл, найз нөхөд, бусад хүмүүсийн дэмжлэг энэ хүнд цаг үеийг давахад нь түүнд туслах байх гэж найдаж байна” гэж ярьжээ.

Бахын шүүмжлэлд дасгалжуулагч Тутберидзе “Бид тамирчнаа ямар нэг байдлаар гадуурхаагүй. Хэцүү үед ч, аз жаргалтай үед ч бид тамирчидтайгаа хамт байдаг” хэмээн товч хариулсан байна.

Тутберидзегээс гадна Оросын албаны хүмүүс бас Бахын шүүмжлэлд хариу тайлбар өгчээ.

Тухайлбал ОХУ-ын засгийн газрын шадар сайд Дмитрий Чернышенко “Олимп бол мэргэжлийн спортын оргил гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тамирчин бүр улс орныхоо хүсэл найдварыг тээж ирдэг. Ийм дарамт шахалт байдаг нь нууц биш. Ингэж байж тамирчдын сэтгэл зүй хурцлагддаг. Ялсан ч, ялагдсан ч манай тамирчид дэлхийд шилдэг гэдгийг бид ч мэддэг, тэд өөрсдөө ч мэддэг” гэж ярьсан байна.

Холбоотой мэдээ