
Салан тусгаарлагчид Донецк, Луганск мужийн иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Баасан гарагт эхлүүлсэн байна.
Эхний ээлжид хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудыг автобусаар ОХУ руу зөөж эхэлжээ.
Украинаас салан тусгаарлаад байгаа дээрх хоёр мужийн иргэдийн ихэнх нь орос үндэстнүүд бөгөөд тэдний зарим нь ОХУ-ын иргэний харьяалалтай болоод байгаа юм.
Нүүлгэх ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Донецк хот дахь салан тусгаарлагчдын засаг захиргааны байрны гадаа зогсож байсан УАЗ автомашин дэлбэрчээ.
Өрнөдийнхөн Донецк, Луганск мужуудад өрнөж буй үйл явдлыг ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох дайны оршил байж магадгүй хэмээн болгоомжилж байна.
Дээрх мужуудтай хил залгаа Оросын Ростов мужид Украинаас ирсэн дүрвэгчдийг хүлээж авч, байрлуулах даалгаврыг ерөнхийлөгч Владимир Путин онцгой байдлын сайддаа өгсөн тухай Москвагаас мэдээлжээ.
Пүрэв гарагт Украины засгийн газрын цэрэг, салан тусгаарлагчдын зэвсэгт хүчин хоорондоо их буугаар харилцан гал нээж эхэлсэн юм. Их бууны цохилт Баасан гарагт улам эрчимжсэн байна. 2015 онд талууд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш ийм хэмжээний мөргөлдөөн гарч байгаагүйг зарим эх сурвалж мэдээлжээ.
Хэрвээ нөхцөл байдал даамжирвал энэ нь Югослав, Чеченийн дайнаас хойш Европ тивд гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болох юм.
Украин бол газар нутгийн хэмжээгээр Европ тивийн хоёр дахь том улс бөгөөд 40 гаруй сая хүн амтай. Тиймээс болзошгүй дайны Европын төдийгүй дэлхийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их юм.
Украины умард хилийн ойролцоо Беларусийн нутаг дэвсгэрт ОХУ-ын олон арван мянган цэрэг байлдааны сургуулилалт хийж байгаа.
Уг сургуулилалт Ням гарагт дууссаны дараа цэргүүд ОХУ дахь үндсэн бааз руугаа буцах ёстой.
Харин Баасан гарагт Москвад айлчилж, Путинтэй уулзсан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко цэргүүдийг тодорхойгүй хугацаанд үлдээх санал гаргасан тухай БелТА агентлаг мэдээлжээ.

0 cэтгэгдэлтэй