Товчхон
               

Монгол улсын Гадаад харилцааны сайд Мюнхений бага хуралд оролцож байна

               
2022-02-19 0

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хурал ХБНГУ-д энэ сарын 18-20-нд болж байна. Олон улсын тус хуралд Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож байна.

“Аюулгүй байдлын бодлогын Даво с” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Бавари мужийн захиргаатай хамтран жил бүрийн хоёрдугаар сард Мюнхен хотноо зохион байгуулдаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулж байсан тус бага хурлыг энэ онд биечлэн оролцох хэлбэрээр, ингэхдээ оролцогчдын хувьд цөөн бөгөөд өндөр түвшинд зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын  Бавари муж улсын Засгийн газрын Европ, олон улсын асуудал хариуцсан Төрийн сайд, хатагтай Мелани Хумлтай өчигдөр “Prinz-Carl-Palais” төрийн шилтгээнд уулзав. Төрийн сайд Мелани Хумл цар тахлын амаргүй үед Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт талархал илэрхийлэв. Тэрбээр Баварийн 120 гаруй компани, ААН Монгол Улстай холбоотой үйл ажиллагаа явуулдгийг дурдаад, цаашид худалдаа, эдийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг онцолж байв. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Засгийн газар Монголын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн, тэр дундаа Бавари муж улсын нийслэл Мюнхен хотноо төвтэй Ханнс-Зайделын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 1993 оноос хойш 30 орчим жил үйл ажиллагаа явуулж, эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль зүйн дээд боловсрол олгох сургалтын тогтолцоог сайжруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хөнгөн үйлдвэр, цахим инноваци, технологи, ХАА, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил хоорондын харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн бизнес форум зохион байгуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтсон талаар ГХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ