
Өчигдөр Мюнхен хотод үргэлжилсэн олон улсын аюулгүй байдлын чуулганд оролцогч өрнөдийн орнууд дэлхий нийтийн дэг журмыг өөрчлөхийг оролдож буй Орос, Хятадын эрх баригчдыг шүүмжилжээ.
Өнөөдөр ОХУ нь өөрийн аюулгүй байдлын баталгааг NATO-гийн холбоотнуудаар гаргуулахын тулд Украины нөхцөл байдлыг зориуд хүндрүүлээд байна.
Бээжин 2022 өвлийн олимпын наадмын нээлтийн үеэр ОХУ, БНХАУ-ын ерөнхийлөгч нар NATO-гийн өргөжилтийн эсрэг байгаагаа илэрхийлсэн нь ховор үзэгдэл байв.
“NATO-гийн өргөжилтийг хязгаарлах Москвагийн шаардлагад Бээжин нэгдэж буйг бид анх удаа харлаа. Энэ бол эрх чөлөөт улс орнуудын хувь заяаг шийдэх, олон улсын дэг журмыг шинэчлэх, өөрсдийн авторитар засаглалыг дэлгэрүүлэх гэсэн оролдлого юм” гэж NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хэлсэн үгэндээ онцолжээ.
Европын Холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен түүнтэй ижил агуулгатай үг хэлж, Москва, Бээжингийн эрх баригчид олон улсын дэг журмыг өөрсдийнхөөрөө өөрчлөхөөр чармайж байгааг шүүмжилсэн юм.
Харин Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлсэн үгэндээ бусад улс орнууд Оросын эрх ашгийг бас хүндлэх ёстойг сануулжээ.
“Украин бол фронтын шугам биш, Өрнө, Дорныг холбогч гүүр болох ёстой. Бүх талууд өөр өөрийн эрх ашгийг хамгаалах эрхтэй тул Орос улсын сонирхлыг ч бас хүндлэх ёстой” гэж тэр хэлсэн юм.
Германы канцлер Олаф Шольц хэлсэн үгэндээ 1990-ээд оноос хойш дэлхийн улс орнууд капиталист, коммунист хэмээн хуваагдахаа больсон тул өнөөдрийн дэлхий ертөнцийг Хүйтэн Дайны үеийн нүдээр харах боломжгүй болсныг анхааруулжээ.
“Өнөөдөр Умард Солонгосоос бусад дэлхийн бүх улс капиталист замаар хөгжиж байна. Хэрвээ энэ өнцгөөс нь харвал улс орнуудыг зөвхөн ардчилсан болон автократ засаглалтай гэж л хувааж болохоор байна. Дэлхий ертөнц олон туйлтай болж буйг бид маш тодорхой харж байгаа. Азийн хүчирхэгжиж буй улс орнуудын аль нь ч Хятад, Оросын хэт давамгайллыг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Солонгос, Япон, Вьетнам, Индонез, Малайзын аль нь ч үүнийг зөвшөөрөхгүй” гэж тэр анхааруулсан байна.
1963 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй Мюнхений Аюулгүй Байдлын Чуулган өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн бөгөөд Ням гарагт өндөрлөх юм.

0 cэтгэгдэлтэй