
Сүүлийн өдрүүдэд Хонконг хотод коронавирусийн халдвар тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор эмнэлгүүдийнх нь ор дүүрсэн байна.
Лхагва гарагт тус хотын Каритас Эрүүл Мэндийн Төвийн багтаамж дүүрсэн тул гадаа гудамжинд ор дэлгэж, өвчтөнүүдээ хэвтүүлж эхэлжээ.
Хонконг бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй хотуудын нэг юм. Economist Intelligence Unit байгууллагаас гаргасан Worldwide Cost of Living report 2021 тайланд тус хот дэлхийн тав дахь хамгийн өндөр өртөгтэй хот болж байжээ.
Хонконг хот одоо цар тахлын тав дахь давлагаанд нэлээд хүнд нэрвэгдээд байна.
Пүрэв гарагт тус хотод коронавирусийн халдварын 6,116 тохиолдол шинээр нэмэгджээ. Хоёрдугаар сарын 11-17-ны хооронд өдөрт дунджаар 2,611 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн дундаж болох 601 тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт болсон байна.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Хонконгийн эрх баригчид эх газрын Хятадтай адил “covid-zero” бодлого баримталж, вирусийн тархалтыг хүчээр хязгаарлаж байсан юм. Хатуу арга хэмжээний үр дүнд өмнөх давлагаануудыг хохирол багатай давж байсан хот энэ удаа тав дахь давлагааны өмнө өвдөг сөхрөх дээрээ тулаад байна.
Хонконгийн засаг захиргаа саяхан хоосон байгаа зочид буудлуудын 10,000 өрөөгөө эмчилгээ, тусгаарлалтад ашиглуулахыг тус хотын үл хөдлөх хөрөнгийн тэрбумтнуудад уриалж байв.

0 cэтгэгдэлтэй