
Украин улс Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа цөмийн зэвсгээсээ татгалзаж, оронд нь олон улсаар аюулгүй байдлын баталгаа гаргуулж байсан түүхтэй.
Харин одоо уг баталгаа хэрэгжихгүй байгаа тул буцаад цөмийн зэвсэгтэй болох боломжтойг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Мюнхенд болсон аюулгүй байдлын чуулганы үеэр анхааруулжээ.
1994 онд байгуулагдсан Будапештын Меморандумд уг баталгааг хэрэгжүүлэхээр зөвшилцсөн байдаг.
“Өнөөдөр бидэнд цөмийн зэвсэг нь ч алга, аюулгүй байдал нь ч алга. Бид Швейцар, Нидерланд, Бельги улсуудаас ч том газар нутгаа алдаад байна. Хамгийн гол нь бид олон сая иргэнээ алдаад байна. Бүх амлалт хоосон зүйл байлаа” гэж Зеленский чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.
Украин улс Будапештын Меморандумын нөхцөлийг өөрчлөх асуудлаар уг гэрээнд нэгдсэн орнуудтай гурван удаа яриа хэлэлцээ хийгээд үр дүнд хүрээгүйг тэр бас хэлсэн юм.
“Өнөөдөр Украин улс үүнийг дөрөв дэх удаагаа санаачлах гэж байна. Хэрвээ энэ удаа үр дүнд хүрэхгүй, манай улсын аюулгүй байдлын талаар тодорхой шийдвэр гарахгүй бол бид 1994 оны Будапештын Меморандумыг хүчингүй болсон гэж үзэхээс өөр аргагүй болно” гэж Зеленский анхааруулсан юм.
Тэрбээр бас өрнөдийн холбоотнуудыг “хамтарсан мэдэгдэл” хийхээс илүүтэй “хамтарсан үйлдэл” хийх хэрэгтэй байгааг шүүмжилжээ.
Тухайлбал ОХУ-ын зүгээс Украинд халдан довтолбол Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах нь ямар ч үр дүнгүй гэж үзэж байгаагаа тэр энэ үеэр илэрхийлсэн байна.
“Манай хил нэгэнт зөрчигдөж, эзлэгдсэн тохиолдолд бидэнд хориг арга хэмжээ тус болохгүй. Энэ бүхний дараа хориг тавих нь ямар ашигтай юм бэ?” гэж Зеленский сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Сүүлийн хэдэн сарын турш ОХУ-ыг Украин руу халдахаар бэлдэж байна гэж АНУ тэргүүтэй NATO-гийн гишүүн орнууд буруутгаж байгаа. Харин Оросын тал үүнийг нь няцаасаар байна. Сүүлийн өдрүүдэд Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад байлдааны ажиллагаа ширүүсэж, энгийн иргэдийг ОХУ руу нүүлгэх, эрчүүдийг цэрэгт дайчлах ажиллагаа эхэлжээ.

0 cэтгэгдэлтэй