Felicity Ace ачааны хөлөгт багадаа $150 саяын хохирол учирсан гэж тооцоолжээ

               
2022-02-20 0

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Германаас АНУ руу 4,000 орчим шинэ автомашин тээвэрлэж явсан ачааны хөлөг дээр гал гарсан тухай өмнө нь мэдээлсэн.

Хөлөг дээр Volkswagen группийн Porsche, Audi, Lamborghini зэрэг брэндийн шинэ төмөр хүлгүүд байгаа юм.

Португалийн тэнгисийн цэргүүд 22 хүнийг нүүлгэн шилжүүлсний дараа жолоодлогогүй болсон хөлөг Атлантын далайн дунд хэсэгт хөвж байгаа.

Цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын батарей шатаж эхэлсэн нь гал түймрийг улам эрчимжүүлсэн тухай хөлгийн байрлалд хамгийн ойр байгаа Ортас боомтын ахмад Жоа Мендез Кабекас хэвлэлд ярьжээ.

“Хөлөг нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ, далайн уснаас дээш 5 метрээс өндөрт байгаа бүх хэсэг нь шатаж байна” гэж тэр Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Хөлөг дээр хэдэн ширхэг цахилгаан автомашин байгаа нь тодорхойгүй байна.

Одоо Felicity Ace ачааны хөлгийг эзэмшигч компани хаягдсан хөлгөө хэрхэн аврах төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Энэ төлөвлөгөөний хүрээнд Гибралтар болон Нидерландаас чирэгч хөлгүүдийг илгээсэн нь ирэх долоо хоногт шатаж буй хөлөгт хүрэх юм байна.

Volkswagen групп хохирлын хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй байгаа ч хамгийн багадаа $150 саяын хохирол учирсан гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

Холбоотой мэдээ