
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, өвлийн Олимпын XXIV наадам өндөрлөж буйг Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах албан ёсоор зарлалаа.
Томас Бах “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын хаалтын ёслолын үеэр үг хэлэхдээ “үнэхээр онцгой олимп боллоо” гэж хэлээд, энэ Олимпын наадмыг зохион байгуулснаараа “Хятад улс дэлхийн өвлийн спортын шинэ эрин үеийн эхлэлийг тавилаа” гэв.
Тэрбээр Орос болон Украин хоорондын хурцадмал байдалтай холбогдуулан хэлэхдээ, “Олимпын наадмын эв нэгдлийн хүч нь бид бүгдийг хагалан бутаргах гэсэн хүчнүүдээс ч илүү хүчтэй. Олимпод оролцсон тамирчид бидэнд эв нэгдлээ бэхжүүлэх боломж өглөө. Улс орнууд хоорондоо зөрчилтэй байсан ч тамирчид бие биенээ хүндэлж, тэвэрч, өрсөлдөгчдөдөө сайн сайхныг хүсэж байсан” гэжээ.
Хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног үргэлжилсэн “Бээжин-2022” өвлийн Олимпын наадамд 2871 тамирчин спортын 15 төрлөөр 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Норвеги улс нийт 37 медаль, тэдгээрийн дотор 16 алтан медаль хүртсэнээр энэ Олимпын наадамд тэргүүллээ. Норвеги 16 алтан медаль хүртсэнээрээ нэг Олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн улс болж, өвлийн Олимпын түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
Харин Герман улс нийт 27 медаль, тэдгээрийн дотор 12 алтан медаль хүртсэнээр багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.Зохион байгуулагч Хятад улс 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл буюу нийт 15 медаль хүртсэнээр медалийн тоогоор гуравдугаарт орсон юм. Энэ нь тус улсын хувьд өвлийн Олимпын түүхэнд үзүүлсэн хамгийн дээд амжилт нь болж байна.

0 cэтгэгдэлтэй