
Колумбын хамгийн том хар тамхины гэмт хэргийн бүлгийн толгойлогч Даиро Антонио Усугагаас авсан мэдүүлгийн бичлэг хулгайд алдагдсан тухай тус улсын албаныхан мэдээлжээ.
Өдгөө 50 настай Усуга нь өнгөрсөн оны аравдугаар сард Колумбын баруун хойд нутгийн ширэнгэн ойгоос баривчлагдсан байна. Олон жил эрэн сурвалжлагдаж байсан түүнийг баривчлах ажиллагаанд зэвсэгт хүчний 700 орчим цэрэг, 18 нисдэг тэрэг оролцож байжээ.
Колумбын ерөнхийлөгч Иван Дуке түүнийг шүүсний дараа АНУ-ын талд шилжүүлж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Колумбын засгийн газрын Үнэнийг Тогтоох Хороо гэмт хэргийн бүлэглэлийн боссоос мэдүүлэг авсан юм. Гэтэл Усугагаас мэдүүлэг авсан мөрдөн байцаагчийн гэрт Баасан гарагт хулгай орж, мэдүүлгийг бичиж авсан төхөөрөмж, компьютерыг авч явсан байна.
Ингэснээр Усугагийн хэргийг шүүх ажиллагаанд саад учрах магадлалтай болжээ. Колумбын засгийн газар, FARC партизаны бүлэглэл хоёр 2016 онд энхийн гэрээ байгуулж байв. Гэвч уг гэрээг эсэргүүцэгч зарим зэвсэгт бүлэглэл, хар тамхины гэмт хэрэгтнүүдийн хооронд газар нутаг булаацалдсан мөргөлдөөн сүүлийн саруудад эрчимжээд байгаа юм.

0 cэтгэгдэлтэй