
Монголын Ардчилсан холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн Баасан гарагт “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн”-ийг нэр бүхий иргэд зохион байгуулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, ЦЕГ-т гомдол гаргаж байгаа аж.
Монголын Ардчилсан холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар:
“Монголын Ардчилсан холбооны хэрэг эрхлэх газар, хяналтын зөвлөлөөс С.Эрдэнэ болон Д.Монголхүү, А.Цэрэнбат нарын найман иргэнтэй холбогдуулж бид ЦЕГ-т гомдол гаргаж байна. Тэд Монголын Ардчилсан холбооны дүрэм, журмыг илт зөрчиж, тус холбоог шинээр байгуулж байгаа эсвэл түүний зохион байгуулалтыг өөрчилж мэт ойлголт төрүүлж байна.
Мөн Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй манай тамга тэмдгийг ашиглаж, дураараа авирласан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ. Учир нь тухайн нэр бүхий иргэд иргэдийг төөрөгдөлд оруулж, улс төрийн намын үйл ажиллагаандаа Монголын Ардчилсан холбоог ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж, иргэдээс мөнгө татаж, хууль бус, бусармаг үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид Монголын Ардчилсан холбооны нэр, тамга тэмдэг, логог дураараа ашиглаж буй явдлыг таслан зогсоохгүй бол улс төрийн нам нь олон нийтийн байгууллагын гишүүдийг ч төөрөгдөлд оруулж, тэднээс мөнгө татаж, намынхаа үйл ажиллагаанд ашиглалаа. Улс төрийн нам нь Төрийн бус байгууллагын нэрийг хэтэрхий ихээр зээлдэж байгаа нь сонгуулиа үйл ажиллагаанд ашиглаж буй бусармаг үйлдэл юм. Цаашид ийм үйлдэл гаргуулахгүй байхыг хүсэж байна.
Монголын Ардчилсан холбоо бол улс төрийн нам биш, төрийн бус байгууллага. Гэтэл төрийн бус байгууллагыг улс төрийн намын үйл ажиллагаандаа татан оролцуулж, тамга тэмдэг, логог ашиглаж байгаа нь байж болохгүй зүйл. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа учраас бид шүүхэд биш цагдаагийн байгууллагад хандаж буй гэдгийг хэлье.
Манай холбооны дүрэмд “зөвлөгөөн” гэж байдаггүй. Гэтэл зөвлөгөөн хийх нэрээр иргэдээс мөнгө татсан байгаа юм. Мөн тэд яаж гишүүдийг цуглуулсныг мэдэхгүй байна. Тэнд цугласан 300 гаруй хүний 5-6 нь л манай холбооны албан ёсны гишүүн байсан. Түүнчлэн тухайн зөвлөгөөн хийсэн байрын төлбөрийг улс төрийн нам гаргасан гэж дуулсан. Гэтэл Монголын Ардчилсан холбоо бол өөрийн гэсэн байртай тул энд тэнд төлбөр төлж, хурал зохион байгуулахгүй.
Монголын Ардчилсан холбоог одоогоор Х.Баттулга гэдэг хүн тэргүүлдэг. Тухайн зөвлөгөөнд түүнийг цахимаар оролцож байна гэх зүйлийг зохион байгуулалттай хийж байгаа. Учир нь Ардчилсан холбооны дүрэмд Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр зөвлөгөөн хийнэ гэсэн ойлголт огт байхгүй.
Х.Баттулга гэдэг хүн тэр зөвлөгөөнд оролцоогүй, оролцох ч ёс байхгүй. Хэрэв оролцсон байвал бидний зүгээс дүрмээр хориотой үйл ажиллагаанд оролцсон гэх асуудлыг гаргаж тавих ёстой. Тиймээс Х.Баттулгыг тухайн зөвлөгөөнд оролцоогүй бөгөөд оролцсон гэх мэдээлэл нь гүтгэлгийн шинж чанартай зүйл гэж үзэж байна” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

0 cэтгэгдэлтэй