Дэлхийн чипний борлуулалт 500 тэрбум ам.доллар давжээ

               
2022-02-21 0

Дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагавраас сэргэж байгаатай зэрэгцэн улам даамжирч буй чипний нийлүүлэлтийн хямралыг даван туулахын тулд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаатай холбоотойгоор чипний борлуулалт 2021 онд анх удаа 500 тэрбум ам.доллар давжээ.

Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн холбооны тайланд дурдсанаар, өнгөрсөн онд үйлдвэрлэгчид түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 1.15 их наяд ширхэг чип нийлүүлснээр борлуулалт нь 555.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос /440.4 тэрбум/ 26.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Автомашин, компьютерын тоглоомын удирдлага, сүлжээний болон гар утасны тоног төхөөрөмжүүдөөс гадна өргөн хэрэглээний болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр хэрэглэгдэх болоод буй чипний эрэлт улам өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

“Дэлхий дахинд чипний хомсдол нүүрлэсэн 2021 онд хагас дамжуулагч үйлдвэрлэгчид эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ урьд хожид үзэгдээгүйгээр эрчимжүүлсэн нь борлуулалт ийнхүү өсөхөд нөлөөллөө. Ирэх жилүүдэд чипний эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна” гэж “SIA” холбооны тэргүүн Жон Нойффер мэдээлжээ.

Чипний борлуулалтыг бүс нутгаар авч үзвэл, дэлхийн чипний хамгийн том зах зээл болох БНХАУ-д 27.1 хувиар, Америкт 27.4 хувиар, Европт 27.3 хувиар, Японд 19.8 хувиар, Ази-Номхон далай болон бусад зах зээлд 25.9 хувиар тус тус өссөн байна.

Холбоотой мэдээ