Товчхон
               

Төсөл хэрэгжүүлэгчдийг шалгав

               
2022-02-22 0

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг ажлын хэсгийн дарга Б.Мягмар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа.

Ажлын хэсэг 12 дугаар сарын 14-22-нд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй 2, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хянаж, шинжилгээ, үнэлгээ хийв. 

Ингэхдээ 9 чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангах шаардлагатайг онцолжээ.

Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй шаардлагатай саналыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхийг дэмжих, төслийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатайг хэлж байв. 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд,төслийн гүйцэтгэгч байгууллагад даалгажээ. 

Холбоотой мэдээ