Нэгдүгээр эмнэлэгт анх удаа тархины 4 дүгээр ховдлоос хавдар авах мэс засал амжилттай хийжээ

               
2022-02-22 0

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын багийн ахлагч С.Алтан-Очир энэ мэс ажилбарын талаар мэдээлэл өглөө. “Тархины дөрөвдүгээр ховдол нь барагцаагаар шилэн хүзүүний харалдаа цаана буюу толгой хүзүүний заагт байрладаг, эргэн тойрондоо чухал бүтцүүдийг агуулсан байдгаараа их онцлогтой. Урд хэсэгтээ уртавтар тархи, хоёр хажуу талдаа тархины багана, бага тархины өтөнцөр хэсэг, доод талдаа нугастай залгагддаг хэсгүүдтэй зэрэгцэн оршдог. Уртавтар тархи нь гэмтэл гарвал зүрх, амьсгал зогсох эсвэл тасралгүй бөөлжих гэх мэт олон төрлийн амин үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй” гэв.

Өвчтөн нь анх УНТЭ-ийн элэг цөсний эмчийн хяналтад байсан. Толгой нь өвдөж, чих нь дүлийрэх зовиур гарч байсан тул тархины MRI-аар хавдар илрүүлж, оношлогдсон байна. Тархинд байсан хавдар нь хэмжээний хувьд томорсон зохих хэмжээний хүндрэлүүд гарсан байсан учраас яаралтай мэс засал хийжээ. Одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан тухай мэдээллээ.

Тархинд хавдар үүсэх тохиолдол манай улсад нэлээд элбэг аж. Монголд жилдээ 260 гаруй хүн мэс заслын тусламж, үйлчилгээ авдаг тоон мэдээлэл бий. Тархины хавдрыг байрлалаар нь духных, чамархайн, өнчин тархиных гэх мэт олон хувааж үздэг. Энэ төрлийн мэс заслыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түлхүү хийдэг. Харин Эрүүл мэндийн сайдын Төвлөрлийг бууруулах ажлын хүрээнд энэ төрлийн мэс заслыг УНТЭ-т хийж эхэлжээ.

С.Алтан-Очир эмчийн хэлснээр “Тархины дөрөвдүгээр ховдлын хавдрын эмгэг нь  томчуудаас илүү бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Хүүхдийн хувьд 95-96 хувьд  хортой хавдар эзэлдэг бөгөөд хавдар нь төрөлхийн байх нь элбэг. Шинж тэмдэг илрэхгүй, оношлогдохгүй явсаар хоёр нас хүрээд зарим нь түүнээс хойш насанд оношлогдох нь элбэг. Оношлогдсоноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээг аль болох түргэн үзүүлэхгүй бол амьдрах хугацаа багасах аюултай” гэж байна.

Манай улсын хувьд ховор тохиолддог төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг төрөөс буюу Эрүүл мэндийн даатгалаас бүрэн даана гэж тусгасан байдаг. Энэ тохиолдолд иргэн зөвхөн ор хоногийн мөнгөө төлөх зохицуулалттай. Гадаад улсад энэ төрлийн мэс засал маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ нь БНСУ-д мэс засал хийлгэвэл зөвхөн мэс заслын зардал нь л гэхэд ойролцоогоор 100 сая төгрөг болдог аж.

Холбоотой мэдээ